Дархан-Уул аймгийн Дархан суманд оршин суудаг, 16 настай охин Б "Хогоо асгана" гэж гараад сураггүй алга болсон гэх дуудлага энэ сарын 4-нд Цагдаагийн байгууллагад ирсэн. ЦЕГ-аас энэ сарын 18-нд “Охиныг Төв аймгийн Мөнгөнморьт сум руу самар түүхээр явсныг тогтоосон. Тиймээс эрэн хайх ажиллагааг зогсоолоо” гэж мэдэгдсэн.
Тэгвэл 16 настай охины сураг одоо болтол гараагүй, гэр бүлийнхэнтэйгээ холбоо бариагүй байгаа гэнэ.
Энэ талаар охины ар гэр SBN телевизэд ярилцлага өгөхдөө “Одоо болтол ямар ч сураг гараагүй байна. Аргаа бараад сууна. ЦЕГ “Охиныг олсон” гэж мэдээлсэн. Гэтэл худлаа болж таарлаа. Цагдаагийн мөрдөгчтэй нь холбоо барих гэхээр утсаа авдаггүй. Баталгаатай олоогүй байж яагаад “Олдсон” гэж мэдээлж, эрэн хайх ажиллагааг зогсоосныг гайхаж байна. Гомдолтой байна.
ЦЕГ “Самарт явсан” гэж мэдээлсэн. Уг нь "Олдсон" гэхэд л болно шүү дээ. Тэр мэдээллээс болж цахим орчинд охиныг минь хүмүүжилгүй, найз залуугаа дагаад явчихаж гээд шүүмжилж байна. Охин минь хүмүүжил сайтай, гэрээсээ гардаггүй байсан. Самарт өмнө нь явж байгаагүй.
Одоо алга болоод 16 хоночихлоо. Охиноо л олмоор байна” гэлээ.