Зүүн Украинд Орос цэргүүд бууж өгснийхөө дараа буудуулсан бичлэг цахим сүлжээнд тархаж, маргаан дэгдээж байна. ОХУ олзлогдсон цэргүүдийг нь устгасан үйлдэл бол дайны гэмт хэрэг гэж буруутгасан бол Украинаас хариу мэдэгдэл хэлээгүй байгаа юм. Хэргийн тухайд, 11-р сарын 12-ны бямба гарагт Луганскийн Макиевка тосгон буюу фронтын шугамд болсон.
Энэ бүс нутаг дахь цэргийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа тухай Украины батлан хамгаалах яамнаас цахимд байршуулсан бичлэгт энэ хэргийн зарим хэсэг үзэгдэж, олон нийт хоёр хэсэгт хуваагдсан. Зарим хэсэг нь миномётын цохилтоос болж цэргүүд нас барсан гэж үзсэн байгаа бол нөгөө хэсэг нь Украин цэргүүд алсан гэж буруутгаж байсан юм.
Харин 11-р сарын 17-нд энэ бичлэгийн арай өөр хувилбар цахим сүлжээнд тархсан. Энэ удаа тухайн хэргийн газарт байсан хүн бичлэгийг хийсэн нь харагдаж байгаа бөгөөд Украин хэлээр саравчинд нуугдалгүй бүгд гарч ир гэж хэлэх нь сонстжээ. Улмаар цэргүүд нэг нэгээр гарч ирэн газарт хэвтсэн байна. Тушаал өгч байгаа хүмүүс Украинаар ярьж байсан бол олзлогдсон цэргүүд нь Орос цэргүүд мөн гэж ОХУ-ын батлан хамгаалах яам болон хэвлэлүүд мэдээлж байгаа юм.
Буун дуу гарах үед камер газар унаж, бичлэгийн сүүл хэсэг харагдахгүй болсон байна. ОХУ энэ хэргийг “аллага” хэмээн үзэж, дор хаяж 10 цэргийг нь алсан тухай мэдэгдсэн. Харин Украин дахь НҮБ-ын багийнхан одоо болж байгаа дайнд аль аль тал олзлогдогсдын эсрэг хүчирхийлэл үйлдэж байгаа тухай НҮБ-аас энэ долоо хоногт гаргасан тайланд дурьджээ.
SOURCE: BBC