Монгол Улсын Гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхоны шийтгэлийн хугацаа дуусаж, барилдах эрх нь сэргээд байгаа билээ. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Ц.Цогтбаяр багшийнхаа нэрэмжит тэмцээнд түрүүлсэн.
П.Орхон гавьяат дөрвөн жилийн дараа олон улсын тэмцээнд барилдсан нь АНУ-ын дэвжээ байлаа. Тэрбээр Нью-Йорж хотноо болсон “Bill farrel”-ийн нэрэмжит тэмцээнд түрүүлэв.
Дөрвөн жилийн дараа олон улсын тэмцээнээс алтан медаль хүртээд буй П.Орхон “Өнөөдөр АНУ ын New York хотноо болсон “Bill farrel” ийн нэрэмжит олон улсын тэмцээнд 4 жилийн дараа түрүүлж алтан медаль хүртэж чөлөөт бөхийн олон улсын дэвжээнээ эргэн ирсэндээ баярлаж, баярын нулимстай сууна.
Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрсөн хэдий ч тамирчны замналын түүхэн дэх амаргүй хамгийн хүнд, хэцүү, уртын урт он жилүүдийг ардаа үджээ. Миний унаж босоход үргэлж хажууд минь байж хана мэт түшиг болсон хань чамдаа, аав ээж,ах дүү, найз нөхөд, хөгжөөн дэмжигч нартаа болон бөхийн эрдэм зааж дэлхийн аваргын бүсийг зүүлгэж өгсөн ачит багш МУГД Ц.Хосбаяр МУГТ Ц.Цогтбаяр нартаа юун түрүүнд баярлалаа гэж хэлье.
Миний хамгийн эрхэм хүмүүс байж үргэлж урам зориг, итгэл найдвар төрүүлж өдий хүртэл надад итгэж туслан дэмжиж яваа Н.Батсайхан ах түүний гэргий Д.Солонго эгч нартаа чин сэтгэлээсээ талархаж яваагаа илэрхийлье.
Энэ тэмцээн нь бэлтгэл сургуулилтаа сайн хийж, алхам алхамаар амжилтаа ахиулан дараагийн зорилгоо тавин урагшилахад надад маш их урам зоригийг өглөө. Цаашдаа би сайн хичээж зорьсон зорилгодоо хүрч та бүгдийгээ баярлуулах болно оо” гэв.