Дэлхийн хүн ам найман тэрбумд хүрснийг зарлаж буй энэ өдөр та бүхэнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешээс ирүүлсэн нийтлэлийг Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагаас орчуулан хүргэж байна.
Нийтлэлийг бүрэн эхээр:
Энэ оны арваннэгдүгээр сард дэлхийн хүн ам найман тэрбумд хүрлээ. Энэ бол шинжлэх ухаан хурдтай хөгжиж, хүн амын хоол хүнс, нийгмийн эрүүл мэнд, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл сайжирч ирсний илрэл юм. Гэвч, хүн ам өсөхийн хэрээр өөр хоорондоо талцан хуваагдах нь нэмэгдсээр байна.
Хэдэн тэрбум хүн амь зуухын төлөө тэмцэж байна. Зуу зуун сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж, тэр ч бүү хэл өлбөрч үхэхэд хүрч байна. Өрөнд баригдаж, дайн дажин, уур амьсгалын хямрал, байгалийн гамшигт нэрвэгдсэн олон сая хүн гачигдал зовлонгоо гэтлэх арга зам хайсаар туйлдаж байна.
Хүн амын үлэмж чинээлэг болоод нэн ядуу хэсгийн хооронд оршин буй хөгжлийн асар их ялгааг арилгахгүй бол дэлхийн найман тэрбум хүн хурцадмал байдал, үл итгэлцэл, хямрал, мөргөлдөөнтэй нүүр тулсаар байх болно.
Тоо баримт ч үүнийг бэлхнээ баталж байна. Дэлхийн хүн амын тэн хагасыг эзлэх ядуучуудын нийт хөрөнгөтэй тэнцэх хэмжээний баялгийг цөөн хэдэн тэрбумтнууд эзэмшиж байна. Дэлхийн нийт хүн амын хамгийн баян нэг хувь нь дэлхийн нийт орлогын тавны нэгийг халаасалдаг бол хамгийн баян улс орнуудын иргэд хамгийн ядуугаасаа 30 хүртэл жилээр урт наслах боломжтой байдаг. Сүүлийн хэдэн арван жилд дэлхийн улс орнууд улам баяжиж, хүн ам нь эрүүлжихийн хэрээр эдгээр тэгш бус байдал ч нэмэгдлээ.
Эдгээр урт хугацааны чиг хандлагын зэрэгцээ уур амьсгалын хямрал хурдсаж, Ковид-19 цар тахлын хямралаас харилцан адилгүй сэргэж байгаа нь тэгш бус байдлыг улам бүр нэмэгдүүлж байна. Хүлэмжийн хийн ялгарал, агаарын температур нэмэгдсээр бид уур амьсгалын гамшигт үзэгдэлтэй тулгарахад тун ойртож байна. Хөгжиж буй улс орнууд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд төдийлөн нөлөөлөөгүй ч үер ус, ган гачиг зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн хор хохирлыг нь хамгийн ихээр амсаж байна.
Украины дайны улмаас дэлхийд нүүрлээд буй хоол хүнс, эрчим хүч болон санхүүгийн хямрал улам нэмэгдэж, хөгжиж буй улс орнуудын эдийн засагт хамгийн хүндээр тусав. Үүний гол хохирогч нь хэзээнээс тэгш бус байдлын золиос болсон эмэгтэйчүүд, охид, хөгжлөөс гадна хоцорсон нийгмийн бүлгүүд юм.
Дэлхийн буурай хөгжилтэй улс орнууд асар их өрийн дарамттай тулгарч, үүнээс үүдэн ядуурал, өлсгөлөн нэмэгдэж, уур амьсгалын хямралд илүүтэй өртөж байна. Тэд цар тахлаас тогтвортой сэргэх, сэргээгдэх эрчим хүч рүү шилжих, дижитал эрин үеийн боловсрол, сургалтад хөрөнгө оруулах боломжоор хомс байна.
Хөгжингүй орнуудын эсрэг уур хилэн, дургүйцэл туйлдаа хүрч байна.
Улс орнуудын хоорондох үл итгэлцэл, талцал хуваагдал нь дэлхий нийтээрээ цөмийн зэвсгээс ангижрах, терроризмтой тэмцэх, нийтийн эрүүл мэндийг сахин хамгаалах зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд саад учруулж, мухардалд хүргэж байна. Бид эдгээр хор хөнөөлтэй чиг хандлагыг таслан зогсоож, харилцаагаа засаж сайжруулан, нийтлэг тулгамдсан асуудлуудаа хамтдаа шийдэх ёстой.
Эхний алхам бол энэхүү хяналтаас гарсан тэгш бус байдал нь бидний өөрсдийн сонголт байсан гэдгийг ухамсарлах явдал юм. Үүнд, ялангуяа хөгжингүй улс орнууд хариуцлага хүлээх ёстой. Үүнийг Египет Улсад болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын Суурь конвенцын талуудын 27 дугаар бага хурал буюу “COP 27” чуулга болон Балид болж буй “Их 20”-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтаас эхлэх нь зүйтэй.
“COP 27” чуулганаар хөгжингүй болон хөгжиж буй улс орнууд хүн төрөлхтний сайн сайхны төлөө хүчин чадал, нөөц бололцоогоо дайчлах хамтын стратегид эвлэлдэн нэгдэж Уур амьсгалын эв нэгдлийн түүхэн гэрээг байгуулна гэж найдаж байна. Чинээлэг, хөгжингүй улс орнуудын зүгээс шинэ тутам хөгжиж буй улс орнуудыг чулуужсан түлшнээс татгалзахад санхүүгийн болон техникийн дэмжлэг үзүүлэх ёстой. Энэ бол уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилгодоо хүрэх бидний цорын ганц найдвар юм.
Уур амьсгалын өөрчлөлтийн хор хөнөөлийг хамгийн ихээр хүртэж буй хөгжиж буй улс орнуудад хохирлыг барагдуулах, нөхөн төлбөр олгох төлөвлөгөөг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх институцийн тогтолцоог бий болгох талаар тохиролцохыг “COP 27” бага хурлын үеэр дэлхийн улс орнуудын удирдагчдад хандан уриалж байна.
Балид болох "Их 20"-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалт нь хөгжиж буй улс орнуудад учраад буй хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэх боломж юм. Миний бие “Их 20”-ийн бүлгийн гишүүдэд хандаж, дэлхийн хөгжиж буй орнуудад хөрөнгө оруулалт хийх, өрийн дарамтаас чөлөөлөх, бүтцийн өөрчлөлт хийх зэрэгт түлхэц болохуйц багц дэмжлэгийг батлахыг уриалж байна.
Бид эдгээр дунд хугацааны арга хэмжээ авахад анхаарахаас гадна дэлхийн хүнсний хямралыг намжаахын тулд бүх оролцогч талуудтай зогсолтгүй ажиллаж байна.
Үүний нэг хэсэг нь “Хар тэнгисийн үр тарианы санаачилга” юм. Энэ нь зах зээлийг тогтворжуулах, хүнсний бүтээгдэхүүний үнийг бууруулахад тус дөхөм үзүүлсэн. Бага гэлтгүй алхам бүр өлсгөлөнг зогсоож, хүний амь насыг аврах чадвартай.
Бид мөн дайны улмаас тасалдаад буй Оросын Холбооны Улсаас дэлхийн зах зээлд нийлүүлдэг байсан бордооны нийлүүлэлтийг дахин сэргээхийн төлөө ажиллаж байна. Бордооны үнэ цар тахлын өмнөх үеийнхээс даруй гурав дахин өндөр байна. Бордоогүйгээр дэлхийн хамгийн өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн болох будааны тариалалт хамгийн их хохирол амсах нь дамжиггүй. ОХУ-ын бордооны экспортод тулгарч буй саад бэрхшээлийг арилгах нь дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хангах нэн чухал алхам.
Хэдий хүндрэл бэрхшээл дагуулсан саар мэдээ их байгаа ч сайн мэдээ ч чамгүй их байна. Дэлхийн хүн ам найман тэрбумд хүрч байгаа нь хүн амын дийлэнх нь төвлөрсөн хөгжиж буй улс орнуудад хөгжлийн ихээхэн боломжуудыг нээж байна.
Хүн амын эрүүл мэнд, боловсрол, жендэрийн эрх тэгш байдал, эдийн засгийн тогтвортой хөгжил зэрэгт багахан хэмжээний хөрөнгө оруулалт хийхэд л хөгжлийг тэтгэж, эдийн засгийн өсгөж, амьжиргааг дээшлүүлж, сайн сайхан руу хөтөлдөг. Хэдхэн арван жилийн дотор өнөөгийн хамгийн ядуу улс орнууд бүс нутгийн хэмжээнд тогтвортой, ногоон хөгжлийн хөдөлгөгч хүч болох боломжтой.
Би хүмүүний оюун ухааны хүч чадалд хэзээ ч эргэлзэж байгаагүй. Хүн төрөлхтний эв нэгдлийн хүч чадалд итгэж байна. Хүн төрөлхтний хамгийн мэргэн сэтгэгчдийн нэг болох Махатма Гандигийн "Дэлхий хүн бүрийн хэрэгцээг хангахуйц боловч шуналыг гүйцээхэд хүрэлцэхгүй" гэсэн мэргэн үгийг бид энэ хүнд хэцүү цаг үед санацгаая.
Энэ сард болох дэлхийн хэмжээний томоохон чуулга уулзалтууд нь хүн төрөлхтний гэр бүлийн найман тэрбум хүчирхэг гишүүн бүрийн тэгш эрх, эрх чөлөөнд тулгуурлан талцал, хуваагдлыг арилгаж, итгэлцлийг сэргээх боломж юм.