“Нэгэн залуу найз бүсгүйдээ 60 сая төгрөгийн үнэ бүхий цэцэг хүргүүлсэн” гэх мэдээлэл өчигдөр цахим орчинд тархсан. Тухайн иргэнийг А.Амундра байсан гэх мэдээлэл цацагдаад буй. АН-аас өнөөдөр мэдээлэл хийх үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “Ард түмний амьдрал хүнд байхад МАН-ын хэдэн дарга нар хундага тавилгүй архи ууж, хутга тавилгүй мах идэж байна.
Хар л даа, Ерөнхий сайдын ахлах зөвлөх танихгүй бүсгүйд 60 саяар цэцэг бэлэглэж байна шүү дээ. Тэрийг нь бид хараад гайхаад сууж байна” гэсэн.
Тэгвэл А.Амундра цахим орчинд тархсан мэдээлэлтэй холбогдуулан Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргажээ.
Түүний өмгөөлөгч О.Санчирболд “Миний үйлчлүүлэгч уг үйл явдалтай ямар ч хамааралгүй. Энэ худал мэдээллээс болж түүний гэр бүлд үл ойлголцол үүсэх бодитой нөхцөл бүрдлээ. Өөрөөр хэлбэл, түүний эхнэр, гурван хүүхдэд нь муугаар нөлөөлж, сэтгэл санаа, эрүүл мэндэд нь хохирол учирч эхлээд байна. Энэ үйл явдлын өрнөлийг харахад санамсаргүй үйл явдал биш зориуд зохион байгуулалттай харагдаж байна” гэжээ.