Энэ жилийн бүжгийн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс “Moon dance” хамтлаг мөнгөн медаль хүртсэн. Тус хамтлагийн анхдагч, ноён нуруу болсон бүжигчдийн нэг нь яах аргагүй Э.Түвшинзаяа.
СУИС-ийн хоёрдугаар курсийн оюутан байхдаа “Moon dance”-д анх бүжиглэж, түүнээс хойш амьдралаа холбож яваа түүнийг “Ододтой бүжиглэе” шоунд дуучин Д.Намсрайноровын хамтрагч байснаар нь илүү сайн мэднэ. Олон улсын хэмжээний мастер цол хүртсэн Монголын анхны бүжигчдийн нэг, Монгол Улсын долоон удаагийн аварга Э.Түвшинзаяатай ярилцлаа.
-ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэнд нь баяр хүргэе. ДАШТ-д завсаргүй найман жил оролцоод дэлхийн дэд аварга боллоо.
-Тэглээ. Маш их баярлалаа. Финалд зургаан баг шалгарсны дараа “За өмнөх амжилтаа ахиулна, медаль авах сан” гэж бодлоо. Манай хамтлаг сүүлээсээ хоёрт гарч бүжиглэсэн. Тэгээд оноогоо харахад, нэгээр гарч ирэв.
Дараагийн буюу сүүлчийн хамтлаг I, II байрт орох эсэхээс үл шалтгаалан бид медаль авах зорилгодоо хүрсэндээ үнэхээр их баяртай байсан. Тэгээд эцсийн дүн гарахад бид мөнгөн медаль хүртлээ. Үнэхээр их баярлаж, догдолсон учраас ямар сэтгэл хөдлөл гаргаснаа тухайн үед мэдээгүй. Дараа нь бичлэг үзэх нь ээ, хөгжилтэй, хөгжилтэй үйлдлүүд их гаргасан байна лээ.
-“Moon dance”-д дэлхийн аваргын медаль ойрхон байсан. Дэлхийн дэд аварга болно гэсэн итгэл, багцаа хэр байв?
-Мэдээж амжилтаа ахиулах, медаль авахын төлөө зорилгүй яах вэ. Найм дахь жилдээ дэлхийн аваргад оролцсон ч тайзан дээр гарахын өмнө сандарсан, догдолсон шинэ мэдрэмж төрдөг минь хэвээрээ.
Яг тайзан дээр бүжиглэхийн өмнө янз бүрийн сөрөг бодол, хэт догдолсон, сэтгэл хөдлөл мэдрэгдэнэ. Тийм үед яг бүжгийнхээ зааланд, бэлтгэл дээрх байгаа юм шигээр төсөөлж, өөрийгөө тайвшруулахыг хичээдэг.
-“Moon dance” хамтлагт та хэдэн оноос хойш бүжиглэж байгаа билээ?
-Би СУИС-ийн хоёрдугаар курст байхаасаа “Moon dance”-д бүжиглэсэн. Одоо бүжгийн спорттой амьдралаа холбоод 10-аад жил болж байна.
-Танай хамтлаг ийм өндөр амжилт гаргаж, олон жил оршин тогтнож буйн нууц, жор юу бол?
-Манай хамт олон, багш нар биднийг гал дөлтэйгөөр, хүсэл эрмэлзэлтэйгээр хүсэл мөрөөдөл, амжилтынхаа төлөө явахад их нөлөөлдөг. Хамтлагийн маань уур амьсгал гоё. Багш нар маань биднийг хүүхэд шигээ хайрладаг. Бид яг л нэг гэр бүл шиг биенээ хайрлаж, атгасан гар шиг байж чаддаг.
-Бүжгийн спортоор хичээллээд таны хувь хүний хөгжил, амьдралд гарсан өөрчлөлтүүд юу вэ?
-Маш их тэвчээртэй, хатуужилтай болсон. Энэ спортоор олон жил тууштай хичээллэхэд тэвчээр их шаардана. Хүн харахад, нэг юмаа, нэг л техникээ давтаад байгаа юм шиг харагддаг байж магад. Нэг л бүжгээ олон жил бүжиглээд байгаа юм шиг санагдаж ч болно. Гэтэл тийм биш. Илүү сайн, нарийн гүйцэтгэлтэй бүжиглэж сурахад олон жилийн бэлтгэл, хөдөлмөр чухал. Энэ бүхэн намайг тэвчээртэй, хатуужилтай, тууштай болгосон.
-Энэ олон жилийн хугацаанд “Бүжиглэхээ болье” гэж бодож, шантарч байсан уу?
-Ёстой тэгж бодож байгаагүй. Энэ жил дэлхийн аваргыг өнжих үү, яах вэ гэдэг ч юм уу тиймэрхүү бодол төрж байсан.
-Таныг манай уншигчид “Ододтой бүжиглэе” шоунд оролцсоноор нь илүү сайн мэднэ. Дахиад оролцуулах санал тавьбал зөвшөөрөх үү?
-Зөвшөөрөлгүй яах вэ. Дуртайяа оролцоно. Бүжгийн спортын үнэ цэн, бүжигчдийн хөдөлмөр, зүтгэлийг хүмүүст ойлгуулахад “Ододтой бүжиглэе” шоу маш их нөлөөлсөн. Бүжгийн спортоор сонирхох, хичээллэх хүсэлтэй хүмүүсийн тоо их нэмэгдсэн. Бүжгийн спортыг, бүжигчдийг харах хүмүүсийн өнцөг өөрчлөгдсөн. Үүнд их олзуурхаж явдаг.
-Д.Намсрайноровтой хамтран бүжиглэхэд хэр байв. Хүндрэл, бэрхшээлтэй зүйл байв уу?
-Олны танил аль эрхэмтэй хэн нь хамтрагч болохыг бид өмнө нь мэдээгүй байсан. Яг л шууд зарлаж байгаа нь тэр. “Ододтой бүжиглэе” шоу бүжигчид бидний өрсөлдөөн биш. Гол нь одуудын тэмцээн, шоу. Тиймээс хамтрагч болсон олны танил эрхмээ яаж гоё харагдуулах вэ, бүжгийн авьяас, ур чадварыг нь хөгжүүлэх вэ гэдэг дээр анхаарсан.
Д.Намсрайноров ахын ур чадвар хурдан сайжирсан нь урамтай байлаа. Маш хичээнгүй, тууштай, ёстой бууж өгдөггүй хүн байна лээ.
Мэргэжлийн биш, хамтрагч бус хүнтэй бүжиглэхэд бүх юмыг эхнээс нь заана. Хөдөлгөөнөө яах вэ заачихаж байгаа юм. Хамтдаа бүжиглэх тал дээр жаахан хэцүү байсан.
-Хамтдаа хэддүгээр шат хүртэл явчих болов уу гэсэн багцаа, зорилго байв?
-Би ер нь хагас финалд оруулчих юм сан гэж зорьж байлаа. Хагас финалын өмнөх, шилдэг долоо дээр хасагдсан болохоор нэг их айхтар харамсахгүй байгаа.
-Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?
Цаашдын зорилго гэвэл, хувь хүн талаасаа олон зүйл төлөвлөж байгаа. Мэдээж хамтлагаараа энэ жилийн зорилгоо ахиулахыг, дэлхийн аварга болохыг хамгийн ихээр хүсэж байна.
Бүжгийн спорт бусад дасгал хөдөлгөөнийг бодвол сонирхолтой, үр дүн ихтэй, хүний суралцах чадвар буюу тархины эд эсийг сайн сэргээж өгдөг, залуужуулдаг. Бүжгийн спорт урлаг, спортын нийлэмж учраас сонирхоод хичээллээд үзээрэй гэж хэлье.