Улс орнуудын хурцадмал, хуваагдмал байдлаас гадна АНУ дотроо улс төрийн хуваагдал үүсгээд буй. Тухайлбал, АНУ-ын завсрын сонгууль болохоос хоёр долоо хоног хүрэхгүй хугацааны өмнө конгрессын төлөөлөгчдийн тахимын дарга Нэнси Пелосигийн гэрт халдаж, нөхрийг нь шархдуулсан хэрэг Баасан гарагт болсон. Завсрын сонгууль ийнхүү ойртсон үед төлөөлөгчдийн танхимын тэргүүн рүү халдахаар завдсан нь АНУ-ын дотоод нөхцөл байдал хэр хурц байгааг урьдчилж харуулсан үйл явдал боллоо.
Эргэн сануулахад, баасан гарагийн өглөө Сан Франциско дахь Пелосигийн гэрт халдагч этгээд алх барьж дайран, хагарсан шилний ул мөр үлдээж, 82 настай Пол Пелосиг удаа дараа цохисон. Тэрээр гавлын ясны хугарлын улмаас мэс засалд орсон. Мөн баруун гар нь хүнд бэртсэн тухай албаны эх сурвалжууд мэдээлсэн юм. Эмч нар Нэнси Пелосигийн нөхрийг бүрэн эдгэрнэ гэж найдаж байгаа талаар түүний албаныхан хэлсэн.
Халдлага үйлдэгч Пол Пелоситой нүүр тулж, "Нэнси хаана байна" гэж асуусан талаар хэвлэлүүд онцолж байгаа. Тухайн үед Нэнси Пелоси Вашингтонд байсан юм.Түүний нэрийг дуудаж, асууж байгаа нь албан тушаалаараа дэд ерөнхийлөгчийн дараа бичигддэг хууль тогтоогчийг онилсон байж болзошгүйг илтгэж байна. Энэ отолт нь сүүлийн жилүүдэд Америкийн улс төрд өрнөж буй хэт туйлширсан үзлийн тухай сануулга болж, арваннэгдүгээр сарын 8-нд болох сонгууль ойртсоныг улам илтгэлээ гэж олон нийт үзэж байна.
Эх сурвалж: AP news