Орос Украины байлдаан зүүн Украинд ширүүссээр буй. Тодруулбал, Донецкийн Бахмут хот Оросын армийн гол цэгүүдийн нэг болоод хэдэн сар өнгөрсөн. Хэдий Херьсон хотод Украины арми давшиж байгаа ч бусад хэсэгт нөхцөл байдал хүнд хэвээр байгааг Украины ерөнхийлөгч В.Зеленский хэллээ. Өөрөөр хэлбэл, Бахмутыг Оросын арми эзэлбэл Оросын талд томоохон ялалт үүснэ гэж үзэж байгаа юм. Тиймээс энэ бүс нутагт ялалт байгуулахын тулд Оросын армийн командлагч нар “галзуу” мэт авирлаж байгааг Украины ерөнхийлөгч онцолжээ.
Түүнчлэн В.Зеленскийн зөвлөх Бахмут хотод саяхан Оросын арми өдрийн цайны цагаас өмнө буюу өглөө эрт найман өөр цэгээс дайралт хийснийг мэдээлсэн юм. Украины армийн төлөөлөгчийн хэлснээр Оросын армийн тус бүс нутаг дахь дайралт өдөрт 100-200 метр давшиж байгаа нь тийм ч сайн үзүүлэлт биш гэж хэлсэн. Иймээс Бахмут дахь нөхцөл байдал цаашдын талуудын байлдааны тактикийг тодорхойлно гэж шинжээчид үзэж байна.
ЭХ СУРВАЛЖ: BBC