АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен “БНХАУ Тайванийг өөртөө нэгтгэхээр маш хурдтай ажиллаж байна” гэж хэллээ. Тодруулбал, тэрээр Бээжин цаашид Тайванийн одоогийн улс төрийн статусыг хүлээн зөвшөөрөхгүй гэж онцолсон байна. Мягмар гарагт Стэнфордын их сургуульд оролцсон арга хэмжээний үеэр Э.Блинкен БНХАУ эвээр нэгтгэх гээд чадахгүй бол хүч хэрэглэх нь тодорхой болж байна гэдгийг мөн хэлсэн юм.
Ням гарагт БНХАУ-ын коммунист намын XX Их хурлыг нээж үг хэлэхдээ Ши Жиньпин “Тайваньд хүч хэрэглэхгүй гэсэн амлалт өгөхгүй” гэж хэлсэн нь Тайванийн хоолойн нөхцөл байдлыг улам ээдрээтэй болгож буйг хэвлэлүүд онцлоход хүргэсэн.
Өнгөрсөн сард АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден БНХАУ дайрсан тохиолдолд АНУ-ын цэргийн хүчин Тайванийг хамгаална гэж мэдэгдсэн юм. Ийнхүү ерөнхийлөгчийнхөө хэлснийг Э.Блинкен дахин нэг удаа баталж, Тайванийг өөрийгөө хамгаалахад нь дэмжинэ гэж хэллээ. Вашингтон Тайвань, Хятадын асуудлаар үргэлж дипломат шугамаар явж ирсэн. Харин ерөнхийлөгч Жо Байдены мэдэгдлүүд энэ зарчмыг өөрчлөх бололтой гэж шинжээчид үзэж байгаа юм. Энэ мэтчилэн долоо хоног үргэлжлэх БНХАУ-ын Коммунист намын XX их хурлыг тохиолдуулан түүнийг тойрсон үйл явдлууд олон улсад өрнөсөөр байна.
Source: AXIOS