Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-д албан ёсны айлчлал хийж байна. МИАТ компани айлчлалын бүрэлдэхүүнийг Берлинд хүргэхийн тулд Улаанбаатар-Франкфурт чиглэлийн нислэгийг өөрчилж, 300 орчим зорчигчийг цаг хугацаа, эдийн засгийн хувьд хохироосон гэж иргэд бухимдалтай байна. Энэ тухай тус нислэгт багтсан нэгэн иргэн цахим хуудсандаа “Арай дэндүү дээрэлхэж байна уу даа, энэ засаг төр чинь. 30 хүн буулгахын тулд 300 хүнийг ингэж хорлож болохгүй ээ” хэмээн бичжээ.
Түүний цахимд бичсэн шүүмжлэлийг хүргэж байна.
“… Арай гэж гэрийн бараа харах гэж байна даа, бурхан минь. Салж унатлаа ядарч, салгалсан амьтан байж байна. Бас болоогүй, ачаа минь миний ирсэн онгоцонд хамт ирсэнгүй. Ахиад л салгалаад дараагийн онгоцоор ирж буй ачаагаа хүлээгээд суунгаа үүнийг бичиж байна.
Өнөө өглөө ургахын улаан нарнаар Чингис хаан шинэ буудалд онгоцондоо цагтаа суулаа. Сар орчим ижийгээ асарсан би асар их ядарсан болон сэтгэл зүйн элэгдэл шаналалаа арай ядан даан онгоцонд суугаад л унтаж амарна гэж бодож байлаа.
МИАТ-аар нисэж байгаа юм. Онгоцонд орсон хойноо бидний хэдэн, дотоод гадаад нийлсэн зорчигчид бүгд Улаанбаатар- Франкфурт явах билеттэй болон нислэг нь гэж суулгасан онгоц Берлинд буугаад, цаашаа Франкфурт орно гэнээ. Учир нь нөгөө л хүнд суртал.
Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний албат түшмэлүүдийг Берлинд буулгахын тулд бидэнд хэлэлгүйгээр нисээд 30 хүн буулгах хүнд сурталаас болж 300 хүн дараагийн онгоцноосоо хоцорч хохиров. МИАТ санал хүсэлтийг барагдуулна л гэж зарлав. Зарлах яахав амлах яахав, яагаад биднийг ингэж амьгүй албат, хүлцэнгүй дээрэлхээд сурчихсан юм бэ. Тэд бидний татварын мөнгөөр тансаглан нисэхдээ хүртэл бидний чимээгүй хорлосоор бид хорлуулсаар.
Эд нараас болж Франкфурт хоёр цаг хоцорч буусан би дараагийн онгоцондоо суухын тулд тэнхээ мэдэн гүйлээ. Бараг л хамгийн сүүлийн хүн онгоцондоо амжиж суулаа. Одоо ачаагаа хүлээгээд машины зогсоолын мөнгө төлөөд ахиад л илүү зардал гараад сууж байна” гэжээ.
Зүв зүгээр мөрөөрөө билетээ аваад төлсөн төлбөрийнхөө үйлчилгээг авч болохгүй нь үү энэ чинь одоо!!! Арай дэндүү хэнэггүй, арай дэндүү дээрэлхэж байна уу даа энэ засаг төр чинь, 30 хүн буулгахын тулд 300 хүнийг ингэж хорлож болохгүй ээ Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээ!!! Хэддүгээр зуунд амьдраад байгаа юм бэ