Энэ оны есдүгээр сард дасгалжуулагч Л.Олонбаяр Unique жюү жицү академийг үүсгэн байгуулжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хүлээн зөвшөөрч буй анхных гэж хэлж болохуйц энэ клубт хичээллэдэг, тусгай хэрэгцээт гурван хүүхэд АНЭУ-д болох жюү жицүгийн ДАШТ-д оролцох гэж байна.
Энэ талаар Unique жюү жицү академийг үүсгэн байгуулагч Л.Олонбаяр “Би хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв дээр 2020 онд ажилладаг байсан. Ингээд яг клубийн системээр явах хэрэгтэй юм байна гэж үзээд өөрөөс шалтгаалах юмсаа хийж клубээ байгууллаа. Академийн зорилго бол хөгжлийн онцлогтой хүүхдүүдийг жюү жицүгээр дамжуулж бие бялдрыг хөгжүүлэх, нийгэмшүүлэх, олон нийтийн хандлагыг мөн өөрчлөх, спортод тэгш хамрах боломжийг бүрдүүлэх зорилготой. Ажиглаад байхад хүүхдүүдэд маань суралцъя гэсэн хүсэл эрмэлзэл дүүрэн байгаа нь анзаарагддаг. Тэд сурах үйл явцаар өлссөн байдаг юм.
Манай клубийн гурван хүүхэд энэ сарын 11–нд ДАШТ рүү явна. Монголоос 120 хүний бүрэлдэхүүнтэй баг байгаа юм. Хүүхдүүд маань энэ багт багтсан. Сэргээн засах хөгжлийн төв дээр бэлтгэлээ эхлүүлж байсан гурван хүүхэд маань байгаа. Бидний хувьд медаль бол хоёрдугаар асуудал. Ямар ч байсан гурван хүүхэд маань “Бид чаддаг, болдог юм байна” гэдгийг бусдад харуулж, урам зориг өгөх зорилготой" гэв.
Тэмцээнд Д.Цогт–Очир, Г.Өлзийбат, Бат–очир нар оролцох юм. Ярилцлагын үеэр эдгээр тамирчин хүүхдүүд тэмцээнд оролцох болсондоо тун баяртай байгаагаа илэрхийлж, спортоор хичээллэх тун дуртайгаа хэлж байв. Тэдний зарим нь багш болох мөрөөдөлтэй бол зарим нь тамирчин болохыг хүсдэг талаараа хуваалцсан юм.
Мөн бид клубт суралцаж буй хүүхдүүдийн ээж нараас зарим зүйлийг тодрууллаа.
Ээж М.Энхжаргал: Манай хүүхдэд зориулсан өөр ийм клуб огт байдаггүй. Хүүхдийг нь сургаад үзье гээд авдаг л юм. Нэг хоёр удаа явуулчхаад, “Уучлаарай ямар ч боломжгүй юм байна. Төлбөрөө аваад өөр клуб руу хандаад үз” л гэдэг. Яг манай хүүхдэд зориулсан клуб нээгдсэн байгаад үнэхээр их баярлаж байна. Ганцхан жюү жицү гэлтгүй бусад спорт, клубууд ч гэсэн хүүхдүүдийг тэгш хамруулаасай. Мөн ийм клубууд маш олон болоосой гэж бодож байна" гэлээ.
Ээж С.Отгонжаргал "Би хоёр ихэр хүүхэдтэй. Нэг нь бүтэлтийн улмаас саажилттай болсон юм. Манай хүү Олонбаяр багшийнхаа анхны шавв нарынх нь нэг. Энэ клубт ямар ч төрлийн бэрхшээлтэй хүүхдүүд байна. Аутизмтай, даунтай, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд ч байна. Бүгд хамрагдаад явж байна. Нэг, хоёр жилийн дотор маш хөөрхөн өөрчлөлтүүд гарч байгаа юм. Спортоор дамжуулаад ямар ч хүүхэд хөгжиж болдог шүү гэдгийг харж байна. Хүүхдүүд маань сууж, нэгнээ хүндэлж, мэндэлж сурч байгаа. Хүүхдүүдийнхээ хөгжиж байгааг харан дагаад л урам орж, сэтгэл санаа их сайхан болсон байгаа" гэв.