Энэ мягмар гарагийн өглөө БНАСАУ-аас харвасан пуужин Японы дээгүүр өнгөрснөөс болж Зүүн хойд Азид аюулгүй байдлын түгшүүр үүсч эхэлснийг мэргэжилтнүүд анхааруулсан юм.
Эргэн сануулахад, БНАСАУ-аас харвасан баллистик пуужинг Японы эргийн хамгаалалтын албанаас илрүүлсэн бөгөөд Японы хойд хэсэгт оршин суудаг иргэдэд анхааруулах дохио өгч, аюулгүй газар хорогдохыг зөвлөсөн.
Тодруулбал, Зүүн Хойд Хоккайдо болон Аомори мужуудад онцгойлон анхааруулга өгөөд байсан юм. БНАСАУ цөмийн туршилт хийж болзошгүй гэж АНУ, Япон, БНСУ-ын холбоотнууд үзэж, хариу арга хэмжээ авахаа энэ оны зунаас мэдэгдээд байсан юм.
Харин Мягмар гарагт БНАСАУ Японы дээгүүр пуужин харвасны улмаас Лхагва гарагт АНУ, БНСУ хамтран Япон тэнгис рүү “газар-газар” ангиллын дөрвөн пуужин харвасан. НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн хуралдааныг үл хамааран БНАСАУ Японы зүгт дахин хоёр богино тусгалын пуужин харвасан. Ингэснээр сүүлийн 13 хоногт 6 удаа пуужингийн туршилт хийсэн тохиолдол болж байгаа юм. Пүрэв гарагт БНАСАУ Японы зүг пуужин харваснаас хэдхэн цагийн дараа АНУ, Япон, БНСУ хамтран Япон тэнгист пуужингийн довтолгооноос хамгаалах сургуулилт хийсэн. Тэдний анхааруулга худлаа биш байсан гэдгийг хэвлэлүүд онцолж байна.
Эх сурвалж: VOA, BBC