Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барьснаар баруун бүсийг ногоон эрчим хүчээр бүрэн хангаад зогсохгүй, төвийн бүсэд эрчим хүч нийлүүлэх боломж бүрдэхээр байна. Гэвч төсөл хэрэгжүүлэх нэгжийнхэн орон нутгийн иргэдтэй одоог хүртэл ойлголцож чадаагүй байна. Засгийн газрын шийдвэрээр Усан цахилгаан станцын нөлөөллийн бүсэд багтаж байгаа 1200 гаруй иргэнд тэгшитгэн 15,2 сая төгрөгийн нөхөн олговор олгохоор тооцоолоод байна. Гэвч орон нутгийн иргэд үе дамжин нутаглаж ирсэн газраа өгөхгүй, УЦС станц барих газрыг өөрчлөх боломжтой хэмээн мэдэгдээд байна. Төслийн нэгжийнхэн сав л хийвэл хүчээр бүгдийг шийдэх, харилцан ойлголцох бус мөнгөөр бүхнийг зохицуулах гэж оролдсоноор болж, нөлөөллийн бүсэд байгаа Увс аймгийн Өмнөговь сумын айл өрхүүд байр сууриндаа улам бат зогсож байгаа талаар тайлбарлаж байлаа.
Төслийн зохицуулагч Ч.Гантулга энэ талаар мэдээлэл өгөхдөө “Иргэдтэй ойлголцох гэж бүх талаар оролдож байна. Гэвч эрс няцааж, бидний тайлбарыг сонсохгүй байна. Хурал үймүүлдэг зэрэг асуудлууд гарсаар байна. Улсын тусгай хамгаалалтад нийт 28 мянган га газрыг авсан байдаг. Үүнээс 9871 га газарт нь нуур үүсгэнэ. Энэ хэсгийг л чөлөөлөх гэж байгаа болохоос биш, 28 мянган га талбай талбай тэр чигтээ усан доор орохгүй байна. Төслийн багийнхан өнөөдөр ч газар дээр нь ажиллаж л байна. Гэвч ойлголцож чадахгүй байна. Бид уг нь иргэдийг таван километрийн наана цаана нүүх асуудлыг л ярьж байгаа юм. Нөлөөллийн бүсэд байгаа Баяннуур, Мянгад, Эрдэнэбүрэн, Өмнөговь гэсэн дөрвөн сумын иргэдтэй ойлголцох чухал болсон” гэлээ.
УСАН ЦАХИЛГААН БАРИХ ГАЗАР НУТАГ НЬ:
Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 104 км.кв газар нутаг
Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн 123 км.кв
Ховд аймгийн Мянгад сумын Чацаргана багийн 46 км.кв
Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 5,5 км.кв газар нутгийн тус тус хамарч байна. Хамгийн их нөлөөлөлд Увс аймгийн Өмнөговь сумын иргэд өртөж байна хэмээн газраа чөлөөлөөгүй байна. Тиймээс улс орны эрх ашиг, цахилгаан эрчим хүчний аюулгүй байдалтай холбоотой асуудалд хүндэтгэлтэй хандахыг орон нутгийн иргэдээс хүсэж байгаа юм байна. Харин орон нутгийн иргэдийн хувьд “Биднийг гутаан доромжилж, хөөж тууж байна. Станц барих газрыг ч өөрчлөх боломж байна” хэмээн мэдэгдээд байна.
Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2023 оны төсвийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хэдийгээр улстөржилт, бусад хүчин зүйл, хүндрэл бэрхшээл гарлаа ч гэсэн Эрдэнэбүрэнгийн УЦС барих ажлыг эрчимжүүлнэ. Нэн даруй барьж, ашиглалтад оруулахын төлөө Засгийн газар бүх хүчээ дайчилна” гэх утгатай мэдэгдлийг хийгээд байна.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.