
MBG эмнэлэг нийгмийн хариуцлагын хүрээнд 150 ахмадад үнэ төлбөргүй оношилгоо шинжилгээ хийж байна. 50-иас дээш насны иргэдэд өвдөгний үеэр хатгах, өвдөх зэрэг зовуурь нийтлэг илэрдэг байна. Энэ нь үе хоорондын мөгөөрсөн эд гэмтсэнтэй холбоотой байдаг талаар эмч мэргэжилтнүүд хэллээ. Бид MBG эмнэлэгийн Амбулаторийн тасгийн эрхлэгч, гэмтэл, согог мэс заслын эмч Г.Гантулгаас үе мөчний өвчлөл, зовууриас хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл авлаа.
Тэрбээр "Дунд чөмөгний булуу, шаантны давцан хоёр нийлж байж өвдөгний үе үүсдэг. Энэ дунд нь жийргэвч мөгөөрс гэж бий. Хоёр яс хоорондоо ойртоод ирвэл өвдөлт зовуурь ихэснэ гэсэн үг. Дэлхийд байгаа номер нэг эмчилгээ нь хиймэл үенээс өөр зүйл байхгүй. Наана нь ууж байгаа эм, физик эмчилгээ, тарилгууд нь өвдөлт зовуурийг л намдаана. Түүнээс биш бүрэн эдгээж байгаа гэсэн үг биш.
Хүмүүс сүлжээний эм их уудаг болсон. Тэр нь мөгөөрс, үений нөхөн төлжилтийг сайжруулдаг учраас буруу зүйл байхгүй. Гэсэн ч энэ нь үеийг зайтай, асуудалгүй болгочихгүй. Өөрөөр хэлбэл эмчлэхгүй. Мөн тарилгууд ихээр гарч ирсэн байна. Үүнийг зөв буруу хийх нь бий. Үүнээсээ болж өвдгөө үрэвсүүлж баалуулдаг. Тэгэхээр шалтгааныг нь мэдэж, өөрчлөлтийн хэмжээ нь хэр байна, ямар эмчилгээ хийх нь тохиромжтой гэдгийг эмчид хандаж ялгаж салгах хэрэгтэй.
Үений өвдөлт зовууриа бага байлгахын тулд дасгал хөдөлгөөн сайн хийх ёстой. Дээрээс нь жин бага байх нь чухал. Бусад суурь өвчнүүд, ялангуяа үений үрэвсэлт өвчнүүдээ эрт үед нь оношилж эмчилгээгээ хийлгэж байвал эмнэлэгт ирэх асуудал багасна" гэлээ.
150 ахмадад үнэ төлбөргүй оношилгоо хийж буй талаар MBG эмнэлгийн менежер Д.Баасанжаргал “Манай эмнэлэг үүсгэн байгуулагдсанаасаа хойш нийгмийн хариуцлагын хүрээнд олон талын үйл ажиллагаа хийж ирсэн. Үүний нэг нь энэ жил ахмадын баярыг тохиолдуулан БГД-ийнхээ тавугаар хорооны нийт 150 ахмадад оношилгоо хийж байна. Энэхүү аян энэ долоон хоног яваад дуусахгүй. Энэ оныг дуустал бусад хороо, цаашлаад улс даяар арга хэмжээгээ томруулах бодолтой ажиллаж байгаа” гэв.