Алдарт химич, физикч А.Нобелийн гэрээслэлийн дагуу 1901 оноос хойш жил бүр олгож эхэлсэн энэхүү шагнал нь хүн төрөлхтний хамгийн нэр хүндтэй шагнал гэж хэлж болно. Аравдугаар сарын нэгнээс шагналын эздийг тодруулж 12 дугаар сарын 10-нд буюу А.Нобелийн өөд болсон өдрөөр гардуулдаг уламжлалтай.
Физиологи анагаах ухаан, физик, хими, утга зохиол, энх тайван гэсэн таван номинацийн дагуу Нобелийн комисс шалгаруулан шагнал олгодог.
Энэ жилийн Физиологи, анагаах ухааны Нобелийн шагналыг Швед улсын эрдэмтэн Сванте Паабо хүртлээ. Түүнд хүний хувьслын харуулсан нээлтийг нь үнэлж энэхүү шагналыг олгохоор болсноо комиссоос зарласан байна. Тэрбээр “Эртний ДНХ” судалгаагаар ийнхүү Нобелийн шагналын эзэн болж байна.
Швед улсын эрдэмтэн Сванте Паабо 40 мянган жилийн настай яснаас генетикийн материал олж илрүүлж хүн төрөлхтний эртний түүхийг тольдон харсан гэж хэлж болно.
Учир нь түүний нээлтийн ачаар орчин үеийн хүмүүсийн маш холын хамаатан буюу аль хэдийнээ устаж үгүй болсон төрөл төрөгсөд болох Нидертал хүний геномыг бүрэн дараалалд оруулж чадсан. Ингэснээр “Эртний ДНХ” гэх судалгааны шинэ салбарыг бий болгожээ.
ЭХ СУРВАЛЖ: ТЭНГЭР ТЕЛЕВИЗ