НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанаар гишүүн орнууд ОХУ-ыг Украины эзлэгдсэн бүс нутгуудыг өөртөө нэгтгэсэнд буруутгасан тогтоолын төсөл боловсруулаад байсан. Харин ОХУ Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүний нэг тул өөрт байгаа давуу эрхийг ашиглан энэ тогтоолд “вето хориг” тавилаа. Байнгын таван гишүүн вето хориг тавих эрхтэй байдаг бөгөөд аливаа тогтоолд нэг л гишүүн орон энэ эрхээ эдлэхэд тухайн шийдвэр хүчингүй болдог. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн нь ОХУ, АНУ, БНХАУ, Франц, Их Британи юм. Гэхдээ энэ удаагийн тогтоолд ОХУ-ын “найз” БНХАУ, БНЭУ улсууд санал өгөхөөс татгалзаж, түдгэлзсэн байр суурьтай байсныг гадны хэвлэлүүд онцолж байна.
Энэхүү тогтоолыг АНУ, Албани улс нар санаачлан дэмжсэн бөгөөд ОХУ-ын мэдэгдлийг үл хамааран Украины газар нутгийн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй байх тухай тусгасан байна. Түүнчлэн дээрх тогтоолд ОХУ-ыг цэргүүдээ Украинаас гаргахыг шаардсан байна. Харин ОХУ-ын талд аль ч гишүүн орон санал өгөөгүйг НҮБ-ын дэргэд суугаа АНУ-ын төлөөлөгч тодотгожээ.
Эх сурвалж: AL JAZEERA