“Таван богд” групп, Францын CIS групп “Оюу толгой” төсөлтэй хамтран ажилласан гэрээ дуусаж, 1200 ажилтны эрх ашиг хөндөгдөж байгаа асуудлаар "Геологи Уул Уурхайн хөгжлийн “Тэмүүлэл холбоо" ТББ болон хуульч, өмгөөлөгчид мэдээллээ.
Оюутолгой төсөлд катеринг үйлчилгээ дангаар үзүүлж байсан Францын SSM компанийн 51 хувийг 2014 онд Монголын Таванбогд групп худалдан авснаар уг хоёр компани хамтран ажилласан. Гэвч өнөөдөр тус компани хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон гэх тайлбар хэлж, эмэгтэйчүүд голдуу 1200 орчим ажилтныг нэг өдөр ажилгүй болголоо.
Ажилчдын төлөөлөл “Би SSM компанид гурван жил ажилласан. Гар дээр 600 мянган төгрөгийн цалинтай байсан. Оюутолгой төсөлд ийм цалинтай ажилчдыг мянга мянгаар нь ажиллуулж байна. Оюутолгой, Таванбогд, Францийн компаниуд хаана байна. Тэнд хөдөлмөрийн мөлжлөг, боолчлол, дарангуйллыг төгс утгаар нь хийж байна.
Францийн CIS компанийн удирдлагын зүгээс “Бид та нарт тэтгэмж өгөхгүй, хэл амаа хийгээд заргалдаад яв” гэсэн байр суурьтай байна. Тэтгэмжийн асуудлаас гадна бид энэ компанийн сайн сайхны төлөө, Оюутолгой төслийн зогсолтгүй үйл ажиллагааны төлөө 15,17 жил ажилласан. Ихэнх нь эмэгтэйчүүд. Энд хөгжлийн бэрхшээлтэй, олон хүүхэдтэй, өрх толгойлсон зэрэг олон хүн ажилладаг. Эдгээр хүмүүсийг үнсэнд хаясан шалз шиг хаяж байна. Тэтгэмж битгий хэл баяртай, дуугүй яв гэж компанийн зүгээс хэлж байна. Та нар хариуцлагатай байгаач, Оюутолгой битгий ийм новшийн байгаач гэж хэлмээр байна” гэлээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг бичлэгээс үзнэ үү.