НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр дийлэнх удирдагчид ОХУ-ын түрэмгийллийн эсрэг байр сууриа илэрхийлээд буй. Ерөнхий санал шүүмжлэлд Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийг бичлэгээр үг хэлэх эрх олгох эсэхэд санал хураалт явуулахад 101 орон дэмжиж, тэрээр үг хэллээ.
Тодруулбал, ОХУ-ын вето хориг тавих эрхийг цуцалж, дайны гэмт хэрэг хийснийх нь төлөө олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс шийтгэл ногдуулахыг шаардлаа. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн болох ОХУ, БНХАУ, АНУ, Франц, Их Британи улсууд тус зөвлөлөөс гарсан шийдвэр, тогтоолд “вето” хориг тавих эрхтэй байдаг. Бусад дөрвөн улс санал нэгдсэн ч нэг улс “вето” хориг тавьсан бол тухайн шийдвэр хүчингүй болдог.
Харин ОХУ байнгын таван гишүүний нэг тул Аюулгүйн Зөвлөлөөс ОХУ-ын эсрэг аливаа шийдэл хэрэгжихгүй байх бүрэн нөхцөл нь бүрдэж байна. Түүнчлэн Японы ерөнхий сайд Кишида Фүмио Аюулгүйн Зөвлөлийг шинэчлэх асуудлыг НҮБ-ын индэр дээрээс санал болгоод байна.
Аюулгүйн Зөвлөлийн энэ удаагийн хуралдаан Украины асуудлаар 20 дох удаагаа хэлэлцэж байна. Гэвч ОХУ-д “вето” хориг тавих эрх нь байгаа цагт дорвитой үр дүн гарах боломжгүйг В.Зеленский хэллээ.
Эх сурвалж: REUTERS