ЭМЯ-наас хавдар болон мэдрэлийн мэс заслын тусламж, үйлчилгээний төвлөрлийг буруулах зорилгоор улсын 1,2,3-р эмнэлгүүдэд хавдрын мэс заслын иж бүрэн багаж, тоног төхөөрөмж өглөө.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Эрүүл мэндийн салбар 2021 оны гуравдугаар сараас эхлэн гүйцэтгэлийн санхүүжилт буюу нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжиж орсон. Энэ тогтолцооны нэг давуу тал нь хавдрын тусламж үйлчилгээг өмнө нь ганцхан Хавдар судлалын үндэсний төвд үзүүлдэг байсан бол гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжсэнээр төр болон хувийн хэвшлүүд бүгд эрүүл мэндийн даатгалаас санхүүжилт авдаг болсон. Ингэснээр Монгол улсын иргэн хаанаас ч үл хамааран хөдөө орон нутагт байсан ч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломж бүрдсэн. Үүний нэг ажил нь хавдрын тусламж үйлчилгээ байна.
Өнөөдөр улсын 1,2,3-р эмнэлэгт хавдрын тусламж үйлчилгээ үзүүлдэг болсон. Энэ хугацаанд тодорхой нэр төрлийн хагалгаа эдгээр эмнэлгүүдэд хийдэг болсон.
Манай улсад нарийн гэдэсний оношлогооны дурангийн шинжилгээ хийдэггүй байсан. Өнөөдрөөсс 1,2,3-р эмнэлэгт нарийн гэдэсний оношлогооны тоног төхөөрөмж хүлээлгэн өгч байна. Ингэснээр нарийн гэдэсний ямар нэгэн эмгэг гарвал оношлох боломжтой боллоо.
Жилд дунджаар 6000 гаруй хавдрын тохиолдол шинээр бүртгэгддэг.
Өнөөдрийн байдлаар эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэгт 320 мянган иргэн хамрагдсан байна. Үүнээс 1158 хортой болон хоргүй хавдрын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна” гэв.
Дэлгэрэнгүй мэдээллийг бичлэгээс үзнэ үү.