Маса Амини хэмээх 22 настай эмэгтэйг өнгөрсөн мягмар гарагт Тегеран хотод саатуулсан. Ёс суртахууны цагдаа нар түүнийг “хижаб” буюу Иран эмэгтэйчүүдийн өмсдөг гивлүүрийг буруу зүүсэн гэж баривчилсан юм. Харамсалтай нь Амини өнгөрсөн баасан гарагт нас барсныг нь дотоодын хэвлэлүүд мэдээлж эхэлсэн.
Тодруулбал, Амини цагдаа нарт саатуулагдсан үедээ ухаан алдан унаж, эмнэлэгт гурван хоног комд хэвтсэний дараа амиа алдсан байна. Эл явдал улс даяар эсэргүүцлийн жагсаал өрнөхөд хүргээд байна. Түүний эцэг нь охиноо эрүүл мэндийн ямар ч асуудалгүй байсныг нь онцолж, цагдаа нарыг түүний үхэлд буруутгаад байгаа юм.
Цагдаа нарын ёс суртахуунгүй үйлдэл, бүдүүлэг хандлагыг ард иргэд шүүмжилж, улмаар жагсаж байгаа эмэгтэйчүүд “хижаб”-аа тайлж шатаан, үсээ хайчлахад хүргэж байна. Тэмцлийн хурц хэлбэр үүгээр зогссонгүй. Цагдаа болон иргэдийн хооронд ширүүн мөргөлдөөн үүсэж буйг гаднын хэвлэлүүд бичиж байна. Эсэргүүцэгчид “эмэгтэйчүүд, амьдрал, эрх чөлөө” гэсэн уриа лоозон барьжээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр энэ жагсаалаас болж амиа алдагсдын тоо найм болсон байна.
Эх сурвалж: CNN