Цахим хөгжил харилцаа холбооны яам нь мэдээлэл, харилцаа холбооны шинэ дэвшилтэт технологийг дэмжих, оновчтой шийдлийг нэвтрүүлэх, алслагдсан бүс нутгийг мэдээллийн технологиор хангах зорилгоор Ази Номхон Далайн Цахилгаан Холбооны Байгууллага (APT)-тай хамтран “Алслагдсан бүс нутагт FM радиог ашиглан гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах EWBS систем нэвтрүүлэх” сургалт зохион байгуулж байна.
Уг сургалтад Япон улсын KDDI сан, Далайн кабель, харилцаа холбоо корпорац /OCC/, WASEDA их сургууль, JTEC зэрэг байгууллагын төлөөллүүд, Онцгой байдлын ерөнхий газрын болон харилцаа холбооны салбарын үйлчилгээ эрхлэгчдийн инженер, техникийн ажилчид хамрагдаж байна.
ЦХХХ-ны сайд Н.Учрал сургалтыг нээж үг хэллээ:
-Монгол Улсын Засгийн газраас мэдээлэл, харилцаа холбооны салбарыг бодлогын түвшинд дэмжин “Цахим Үндэстэн” болгох богино хугацааны зорилт дэвшүүлэн иргэн болон бизнесийн салбарыг бүхий л талаар дэмжсэн, хүнд сурталгүй, нээлттэй, хариуцлагатай, хяналттай төрийг төлөвшүүлэх, хүчирхэг эдийн засаг, бүтээлч хувийн хэвшил, оюунлаг иргэдийг бүтээхээр ажиллаж байна.
-Ази Номхон Далайн Цахилгаан Холбооны Байгууллагын дэмжлэгээр “Монгол улсын хөдөө орон нутагт шинэ технологийн шилэн кабелийг элсэрхэг хөрс, хүйтэн бүсэд суурилуулан турших, хэрэглэгчдэд интернэт сүлжээ хүргэх” төслийг Япон улсын KDDI сантай хамтран, амжилттай хэрэгжүүлж дууссан бөгөөд энэхүү төслөөр нийт 69 км газар дээр ил татдаг шилэн кабелийг анх удаа суурилуулан туршиж, нийт алслагдсан, харилцаа холбоо дутагдалтай байгаа 330 гаруй хэрэглэгчдэд интернэт болон телефон утасны үйлчилгээг хүргэсэн ач холбогдолтой төсөл хэрэгжүүлсэн.
-Түүнчлэн одоо хэрэгжүүлж буй “FM өргөн нэвтрүүлгийн сүлжээ ашиглан гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах EWBS систем нэвтрүүлэх” төслөөр Хөвсгөл далайд анхны удаа далайн шилэн кабелийг суурилуулж мөн Хөвсгөл аймгийн Цагаан үүр, Налайх дүүргийн Тэрэлжид FM радио өргөн нэвтрүүлгийн дамжуулах станцыг суурилуулан, тухайн орон нутгийн нийт 600 өрхөд радиогийн хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмжийг хүлээлгэн өгнө. Ингэснээр эдгээр иргэд гамшгийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай хүлээн авах боломжтой болно" гэлээ.