Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Монгол Улсад есдүгээр сарын 18-22-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж буй Олон улсын худалдааны төв (ОУХТ)-ийн дэд захирал хатагтай Дороти Тембо тэргүүтэй төлөөлөгчдийг Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар, ОУХТ-тэй хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2023 оны зургаадугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж буй “Дэлхийн экспортыг дэмжих форум”-ын бэлтгэл ажлыг хамтран хангах асуудлаар харилцан мэдээлэл, санал солилцжээ.
Дэд сайд Б.Мөнхжин "Дэлхийн экспортыг дэмжих форум нь манай улсын хувьд цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт, худалдаа, экспортыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд ОУХТ-тэй хамтран уг арга хэмжээг зохион байгуулахдаа баяртай байгааг тэмдэглэж, тус яам энэ арга хэмжээг зохион байгуулахад төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна" гэжээ.
ОУХТ-ийн дэд захирал Хатагтай Дороти тус байгууллагын зүгээс ГХЯ болон МҮХАҮТ-тай хамтран боловсруулсан Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын замын зураглалын дараагийн үе шат болох “Үндэсний экспортыг хөгжүүлэх стратеги” төслийг хэрэгжүүлж эхэлж буйг дурдаад, энэхүү төсөл нь Монгол Улсын төрөөс худалдааны салбарт баримтлах бодлого тэр дундаа уул уурхайн бус экспортын цогц бодлого боловсруулах, цаашид сонгосон бараа бүтээгдэхүүн тус бүрээр экспортын замын зураглалтай болоход чухал ач холбогдолтой бөгөөд үр дүнгээ өгч байгаа гэв.
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин ОУХТ-ийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын худалдааг хөнгөвчлөх, монгол брендийн бүтээгдэхүүн бий болгох, экспортыг төрөлжүүлэх, ЖДҮ-ийг дэмжих, чадавхийг бэхжүүлэх зэрэг олон төслийг амжилттай хэрэгжүүлж, үр дүнтэй хамтран ажиллаж ирснийг тэмдэглэж, талархал илэрхийлжээ.