Энэтхэгийн нийгэмд тулгамдсан хамгийн том асуудлуудын нэг бол эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэрэг гэдгийг хүний эрхийн байгууллагуудын олон ч тайлан баталдаг. Хамгийн сүүлд тус улсад гарсан гэмт хэрэг нийгмийг цочроосон ээлжит томоохон сэдэв болж байна.
Хэдхэн хоногийн өмнө Энэтхэгийн Уттар Прадеш мужид эгч, дүү хоёрын цогцос модноос дүүжлэгдсэн байдалтай олдсон. Тэгвэл охид бусдын гарт амиа алдсаныг хэвлэлүүд бичиж эхэлжээ. Охид 15, 17 настай байсан бөгөөд гэрээсээ холгүйхэн явж байхад энэ хэрэг болсныг тэдний ээж BBC-д ярилцлага өгөхдөө дурьдлаа.
Эл хэрэгт зургаан залууг буруутай гэж үзэн баривчлаад байгаа юм. Эдгээр сэжигтнүүдийн нэг нь охидын хөрш байсан бол үлдсэн тав нь ойролцоох тосгонд амьдардаг хүмүүс байжээ.
Энэ мэтчилэн эмэгтэйчүүдийн эсрэг тохиолдож буй хүчирхийлэл, гэмт хэрэгт мэргэжилтнүүд Энэтхэгийн кастын системийг буруутгаж байна. Одоогоор Энэтхэгийн Далит гэж нэрлэгддэг ядуу буурай хэсгийн 80 сая гаруй эмэгтэй энэ төрлийн гэмт хэргийн золиос болсон гэдэг тооцоолол байдаг юм байна.
SOURCE: BBC