Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Сербийн нийслэл Белград хотод үргэлжилж байна. Өнөөдөр дэлхийн дэвжээнд Монголын хоёр бөх алтан медалийн төлөө барилдаж байгаа юм.
Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд барилдаж буй ОУХМ Долгоржавын Отгонжаргал хагас шигшээд Токиогийн олимпын хүрэл, ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Пан Америкийн зургаан удаагийн аварга, дэлхийн чансааг тэргүүлж буй АНУ-ын Сара Хильдебрандыг 6:2-оор яллаа. Ингэснээр өнгөрсөн жил хүрэл медаль хүртсэн амжилтаа ахиулах нь тодорхой болсон юм.
Д.Отгонжаргал дөнгөж сая алтан медалийн төлөө “Токио-2020” олимп, “Парис-2017”, “Будапешт-2018” ДАШТ-ий алтан медальт, Японы алдарт бөх Юи Сүсакитай барилдлаа.
Эл барилдаанд Д.Отгонжаргал ялагдан, мөнгөн медаль хүртэв. Ингэснээр өнгөрсөн жилийн амжилтаа ахиулж, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальтан боллоо.