Канад гэр бүл охиноо гурван настай байхад харааны асуудалтайг нь олж мэдсэн байна. Үүнээс хэдхэн жилийн дараа эмнэлэгт очиж үзүүлэхэд тэдний дөрвөн хүүхдийн том нь болох Миа “ретинит пигментоз” хэмээх удаан боловч аажмаар хараа алддаг удамшлын эмгэгтэй гэж тогтоогджээ.
12 жил гаран ханилсан хосууд хоёр хүүд нь мөн ижил шинж тэмдэг илэрч байгааг ажиглаж эхэлсэн байна. 2019 онд тэдний таамаг ч батлагдаж, хөвгүүд нь эгчтэйгээ ижил эмгэгтэй гэдгийг мэджээ. Үүнийг эмчлэх үр дүнтэй, тодорхой арга байхгүй байсан тул тухайн үед яах учраа олохгүй байсан талаараа эцэг эх нь ярьсан байна. Тэд хэр удаан үргэлжлэхийг нь мэдэхгүй ч хүүхдүүд нь дунд орчим насандаа бүрэн хараагүй болно гэдгийг л сайн мэдэж байжээ.
Тиймээс хосууд хүүхдүүдийнхээ ирээдүйг харах өнцгийг өөрчлөхийн тулд нэгэн шийдэлд хүрсэн байна. Тэд хүүхдүүдээ ирээдүйд хараатай байх үеийнхээ дурсамжийг санаж яваасай гэсэн зорилгоор гэр бүлдээ сайхан дурсамж бүтээхээр болжээ. Ингээд эцэг эх хоёр нь бүтэн жил дэлхийгээр аялах төлөвлөгөө гаргаж байсан талаар CNN агентлаг мэдээллээ.
Хэдий цар тахлаас болж тэдний аялал хэсэг саатсан ч энэ оны гуравдугаар сараас аяллаа эхлүүлжээ. Гурван хүүхэд нь өөр өөр зүйл хийхийг хүсч байсан тул бүгдийнх нь хүсэл сонирхолд нийцэх газруудаар аялсны дотор Намиби, Танзани, Замби зэрэг Африкийн зэрлэг амьтад, байгальтай ойрхон газрууд байснаас гадна манай улс ч багтаж байв. Учир нь том охин Миа нь морь унахыг хүсч байсан талаар хосууд ярилцлагынхаа үеэр хэлсэн юм. Тэд мөн Турк, Индонези зэрэг улсуудаар аялсан байна.
Энэхүү эмгэг нь ихэвчлэн хүмүүсийг хүүхэд байхад илэрдэг бөгөөд дийлэнх тохиолдолд харах мэдрэхүйгээ алддаг талаар АНУ-ын Үндэсний нүд судлалын институтээс мэдээлжээ. Канад гэр бүлийн түүх энэ долоо хоногт CNN дээр нийтлэгдсэнээс хойш олон сая хүнд хүрээд байна.
Эх сурвалж: CNN