Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Сербийн нийслэл Белград хотод үргэлжилж байна. Өнөөдөр дэлхийн дэвжээнд Монголын хоёр бөх алтан медалийн төлөө барилдана.
Эгтэйчүүдийн 50 кг-ын жинд барилдаж буй ОУХМ Долгоржавын Отгонжаргал хагас шигшээд Токиогийн олимпын хүрэл, ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Пан Америкийн зургаан удаагийн аварга, дэлхийн чансааг тэргүүлж буй АНУ-ын Сара Хильдебрандыг 6:2-оор яллаа. Ингэснээр өнгөрсөн жил хүрэл медаль хүртсэн амжилтаа ахиулах нь тодорхой болов. Д.Отгонжаргал өнөөдөр алтан медалийн төлөө “Токио-2020” олимп, “Парис-2017”, “Будапешт-2018” ДАШТ-ий алтан медальт, Японы алдарт бөх Юи Сүсакитай хүч сорино.
Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд зодоглож буй үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин, ОУХМ Батхуягийн Хулан хагас шигшээд Европын аварга, Шведийн Эмма Малмгреныг цэвэр яллаа. Тэрбээр 6:2-оор дийлдэж яваад цэвэр дараад ялсан юм. ДАШТ-д анх удаа барилдаж буй Б.Хулан өнөөдөр дэлхийн аваргын төлөө АНУ-ын Доминик Парриштай өрсөлдөнө.
Гэрэл зургийг Д.Нямбилэг.