Сэтгүүлч С.Будрагчаа Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн нээлтэд өнөө өглөө /2022.09.01/ очиж сурвалжилга бэлтгэх үеэр хамгаалалтын ажилтнууд биед нь халдаж, биемахбодийн болон эд хөрөнгийн хохирол учруулсан хэмээн Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргаад байна. Энэ талаар өөрөөс нь тодрууллаа.
Өнөө өглөө гуравдугаар сургууль дээр ямар асуудал тодруулахаар очсон бэ?
Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургуульд сурагчдыг элсүүлэхдээ бусдаас хахууль авч байна гэх мэдээллийн мөрөөр сурвалжилга бэлтгэхээр очсон юм. 2022-2023 оны хичээлийн жилд Орос гуравдугаар сургуульд элсэхээр 373 хүүхэд бүртгүүлсэн юм билээ. Үүнээс 152 хүүхдийг нь шалгалтад тэнцсэн гэж аваад, 200 хүүхэд үлдсэн. Тэднээс 50 хүүхдийг нь хандивын ангид авна. Хандивын ангид орох хүсэлтэй хүмүүс хүсэлтээ гаргаад байж бай” гэж сургуулийн захирал Ж.Соронзон хэлээд нэлээн хэдэн хүний өргөдлийг авсан байгаа юм.
Өргөдөл авч байх үед өөрийгөө бизнесмэн гэж танилцуулсан Отгонтөгс гэдэг хүн эцэг эхчүүдтэй уулзаад “Та нарт 16 сая төгрөг байгаа бол би хүүхдийг чинь Орос гуравдугаар сургуульд асуудалгүй оруулж өгнө. Та нар хахууль өгөх мөнгөтэй бол надтай холбогдоорой гэхэд эцэг эхчүүд “тэгье” гээд зөвшөөрсөн байдаг.
Тэгэхэд Светлана гэх буриад эмэгтэй 95-аар эхэлсэн Мобикомын дугаар өгсөн. Тухайн эмэгтэй рүү холбогдоод “Хүүхдээ хандивын ангид оруулах гэсэн юм. Хэдэн төгрөг өгөх вэ” гэж асуухад 16 сая төгрөгөөр оруулна гэсэн. Ингээд “энэ мөнгөө өгье, хүүхдээ оруулъя” гэхэд хүүхдийнхээ овог нэрийг бүртгүүлэхийг хүссэн. Гүйлгээний утга дээр овог нэрийг нь биччихвэл асуудалгүй оруулчихъя гэсэн. Хүмүүс рүү Хаан банкны дансны дугаар явуулсан. Тэр битгий хэл “Залилуулах вий” гэж болгоомжилж байгаагаа хэлэхэд “Асуудалгүй ээ. Миний ард Соронзон захирал болон Боловсролын яамны хүмүүс байгаа. Бүгд мэдэж байгаа. Та мөнгөө бэлнээр өгсөн ч болно. Би “Номун” хотхоны 37 дугаар байрны 45 тоотод амьдардаг. Хэрэв ирвэл мөнгөө аваад, баталгаа бичиж өгнө. Маргааш сургуулийн нээлтийн үеэр тэр хүмүүс бүгд ирнэ. Ирээд мэдээлэл авч болно шүү гэж хэлсэн.
Сургууль дээр яг юу болсон юм бэ?
Өнөө өглөө би албаны хүмүүсээс нь энэ асуудлыг тодруулахаар очсон. Хашаа руу нь ороод зогсож байгаад халдлагад өртлөө. Орос, Монголын сургуулийн захиргааны ажилтнууд нь шууд гүйж ирээд намайг заамдаж, гудчиж, олны дунд чирч оруулсан. Хэдэн талаас нүдээд л, нүдний шилийг минь үсэртэл алгадаад, ард урдаас үй зайгүй өшигчөөд, хажуугаас ирж багалзуураас зуураад маш их хохироолоо. Зураглаач руу дайрч, камерыг нь минь эвдлээ. 4к камер эвдэрч, нэг батаерй, микрофоны лого алга болсон. Цув, хувцас хунарыг минь сунгаж, хохиролоо. Зөвхөн эд хөрөнгийн хохирол маань л гэхэд 15 сая төгрөг болж байна.
Энэ асуудлаараа цагдаагийн байгууллагад хандсан уу?
Дөнгөж сая Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр очиж мэдүүлэг өглөө. Цагдаагийнхан “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн рүү очиж, дүгнэлт гаргуулаарай” гэж байна. Биед маань ч гэмтэл учирлаа. “Глоб интернэшнл” ТББ-ын хуульч холбогдож, эрх зүйн туслалцаа үзүүлнэ гэдгээ хэлсэн
Заавал хичээлийн нээлтийн үеэр очих хэрэг байсан уу, өөр өдөр ч ирээд тодруулах боломжтой байсан шүү дээ гэж сургуулийн удирдлагууд тайлбарлаж байна. Яагаад заавал нээлтийг нь тааруулж очсон юм бэ?
Би хоёрдугаар сард нэвтрүүлэг бэлтгэхдээ Соронзон захиралтай уулзахаар орсон. Тэр үед хаалгаа тайлж өгөөгүй. Өөр өдөр очоод ч тайлбар өгөхөөс татгалзаад, зугтаад байсан шүү дээ. Батбаясгалан гэж нөхөр байна. Тэр хүн гурван хүүхдээ Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургуульд сургадаг. Үүнийхээ хариуд захирал Соронзонгийн энэ мэт хууль бус үйлдлүүдийг нь хаацайлж суудаг хүн. Орос гуравдугаар сургуультай холбоотой хууль бус үйлдлүүдэд хариулт өгч чадах хүн нь ирсэн учраас л би тайлбар авахаар очсон. Цаашид энэ хууль бус зүйлтэй эвлэрэхгүй. Зөвхөн авлига авч хүүхэд элсүүлдэг талаарх асуудлыг хөндөж байгаа ч юм биш. Би Ж.Соронзон нарйн хуулиас давсан олон бусармаг зүйл хийснийг нь илчилж, цуврал нэвтрүүлэг бэлтгэж ирсэн. Өөрөөс нь тайлбар авахаар өдийг хүртэл хөөцөлдөж байна.