Усан парк нэрийдлээр орон сууц барьж байгаа асуудлыг иргэд эсэргүүцэж эхэлсэн тухай мэдээлэл цацагдаад байгаа. Үүнийг эсэргүүцсэн иргэд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын гадна талбайд жагсаал зохион байгуулж байна.
Богдхан уулыг тойруулан төмөр зам барьж, түүгээр LRT болон метро явуулж, Улаанбаатар хотыг тээвэр дээр суурилан тэлж хөгжүүлэх төлөвлөлтийг санаачилсан ч метроны шугамын төв цэг байхаар төлөвлөсөн газарт нь орон сууцны хороолол барьж байгааг нэн тэргүүнд эсэргүүцэж байгаа хэмээн иргэн Э.Тэмүүжин хэллээ.
ТӨМӨР ЗАМЫН ХАМГААЛАЛТЫН БҮСЭД ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ БАРИГДАЖ БУЙ НЬ ХУУЛЬ ЗӨРЧСӨН АСУУДАЛ
Тэрбээр “Төмөр замын хамгаалалтын бүсэд орон сууцны хороолол баригдаж буй нь хууль зөрчсөн асуудал. Мөн Улаанбаатар хотын дундуур урсаж буй голын яг ай сав, голдирол дээр энэ барилга баригдаж байна. Энэ мэт олон шалтгаанаар бид АТГ болон Нийслэлийн Засаг даргад шаардлага тавьж, хэд хэдэн удаа бичиг хүргүүлсэн ч хариу өгөөгүй. Тиймээс өнөөдөр өмнөх шаардлагынхаа хариуг нэхэхийн зэрэгцээ дахин шаардлага хүргүүлж байна.
Тухайн компани усан парк нэрийн дор Усны тухай хуулиас эхлээд олон хууль, дүрмийг зөрчиж, орон сууцны хороолол барьж буй явдлыг иргэд олноороо эсэргүүцсээр байна. Гэтэл одоог хүртэл хууль хяналтынхан шалгаж дорвитой хариу өгөөгүй төдийгүй өнөөдрийг хүртэл барилгын ажил нь үргэлжлээд байгаагийн ард томоохон авлига байна гэж хардаж байна" гэсэн юм.
Иргэд есдүгээр сарын 6-ны дотор тухайн барилгын компани хууль зөрчөөд байгаа эсэхийг хуулийн дагуу шалгах, барилгын ажлыг нь нэн даруй зогсоож шаардлагыг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт хүргүүллээ.
Харин шаардлагыг Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар хүлээн авч, үүнтэй холбогдуулан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Тухайн газар нь анх 2008 онд орон сууцны зориулалтаар олгогдож байсан. Энэ эрх нь 2022 онд шүүхийн шийдвэрээр эргэн сэргэсэн. Түүнээс өмнө энэ газартай холбоотойгоор шүүх дээр маргаан үүсэж, Капитал банканд хураалгасан, таван жилийн хугацаагаар дахин сунгасан, эрхийг нь буцаан олгосон зэрэг үйл явдал болж байжээ. Ингээд 2018 онд тухайн үеийн Засаг даргын захирамжаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах уг газрын 2,642 ам метрийг үйлчилгээний зориулалтаар, 79,875 ам метр газрыг нь спорт цогцолбор усан парк, спорт цогцолборын зориулалтаар тус тус 15 жилийн эзэмших гэрчилгээ олгосон байсныг 2020 онд цуцалж, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж болгох шийдвэрийг нийслэлээс гаргаж байсан.
Нийслэлийн Засаг дарга 2020 онд төмөр замын хамгаалалтын бүс, Сэлбэ голын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, үерийн далан сувгийн хамгаалалтын зурвас болон цахилгааны шугамын хамгаалалтын зурвас, авто замын трасст тус тус орсон үндэслэлээр гурван захирамж гаргаж, газрыг цуцалсан байдаг. Гэвч тус шийдвэрийг тус компанийн гаргасан гомдлын дагуу 2022 онд шүүх үндэслэлгүй гэж дүгнэжээ.
Шүүхийн шийдвэрийг хүн бүр биелүүлэх үүрэгтэй тул нийслэл 2022 онд худалдаа, үйлчилгээ, орон сууц, сургууль, цэцэрлэг, нийтийн үйлчилгээний төв буюу усан парк барих зориулалтаар газрын эрхийг эргэн сэргээсэн аж.
Нийслэл хүлээсэн үүргээрээ тухайн барилгыг зогсоох эрхгүй. Гэхдээ анхнаасаа энэ газрыг олгосон нь хууль бус байсан эсэхийг одоо хууль, хяналтын байгууллага шалгаж байгаа. Хэрвээ ийм үндэслэл үүсвэл тухайн газрын эрхийг цуцлах эрх зүйн орчин бүрдэнэ. Түүнээс биш нийслэл шүүхийн шийдвэрийг буруу гэж үзэх хууль эрх зүйн үндэслэл байхгүй” гэв.