МҮОНТ-ийн тулхтай, ур чадвартай, урдаа барьдаг сэтгүүлчдийн нэг нь Сандуйн Тунгалаг. “Хос багана”-ын Тунгаа” гэхээр хүмүүс түүнийг бүр ч илүү сайн мэднэ. Үндэсний телевизэд 1995 оноос хойш ажиллаж буй тэрбээр “Хос багана”-аас гадна “Олон нийтийн цаг”, “Нээлттэй хором”, “Эх сурвалж” зэрэг олон арван нэвтрүүүлгийн сэтгүүлч, редактороор ажиллаж байна. Түүний хүү нь сагсан бөмбөгийн ОУХМ Т.Санчир. Цэл залуу насандаа хүүгээ төрүүлж, түүнээс хойш өнөөг хүртэл юугаар ч дутаалгүй ганцаараа өсгөж, бүхнээ зориулж яваа ижий.
Харамсалтай нь, хүнд өвчин түүнийг тойрсонгүй. 2017 онд хөхний хавдраар өвдөж, эрвийх дэрвийхээрээ эмчлүүлжээ. Гэтэл хавдар нь дахиж, олон тооны тунгалагийн булчирхай томорсны улмаас дахин эмчлүүлэхээс өөр аргагүйд хүрсэн байна. Энэ төрлийн хавдрыг эмчлэх эмчилгээ битгий хэл эм нь ч Монголд орж ирээгүй тул гадаад руу явж эмчлүүлэх ганцхан сонголттой тулгарч. 2017 онд хөхний хавдраа эмчлүүлэхдээ хамаг байдгаа шавхсан тул аргагүйн эрхэнд олон түмнээс тусламж хүсэн, хандивын аян өрнүүлээд байгаа юм.
“Би ганц хүүтэй, ганц дүүтэй хүн. Хүнд өвчин тусаж, үхэлтэй нүүр тулахын цагт юм, юм л бодогддог юм байна. Өөрөөсөө илүү эхээс ганц хүүдээ санаа зовж сууна. Хэдийгээр хань ижил нь байгаа ч төрсөн ах, дүүгүй хүн хэцүү. Бүхий л хүнд хэцүүг ганцаараа туулдаг. Эрүүл болж, хүүтэйгээ дахиад олон жил хамт амьдармаар байна” гээд нулимс дуслуулах түүнтэй ярилцлаа. Биднийг очиход С.Тунгалаг “Ачтан” эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан юм.
-Таны бие тэнхээ хэр байна вэ. “Ачтан”-д ямар эмчилгээ хийлгэж байгаа вэ?
-Овоо гайгүй л байна. Эмчлүүлэхээр гадагшаа явахаасаа өмнө тэнхрэх гээд энд эмчлүүлж байна. Сүүлийн жилүүдэд хавдрын өвчлөл Монголд үнэхээр их болчихож. Харамсалтай нь, хавдрын өвчлөлийг би тойрсонгүй. Дайраад, туулаад явж байгаа эмэгтэй. 2017 онд хөхний хавдраар өвдөхдөө Тайланд, Хөх хотод очиж эмчилгээ хийлгэн, сайтар эмчлүүлсэн юм, уг нь. Гэтэл хавдар сэдэрч, ийм юм болчихлоо. Одоо олон тооны тунгалагийн булчирхай нь томорчихоод байгаа.
-Ийм төрлийн хавдрыг эмчлэх эмчилгээ, эм тариа Монголд бий юү?
-Байхгүй. ХСҮТ-д хэрэглэж буй тарианууд миний оношинд таарахгүй. Энэ л гол асуудал болчихоод байна. Ийм оношинд таардаг, тохирдог ганцхан тариа байдаг юм байна. Тэр нь Монголд орж ирээгүй. Тиймээс гадагшаа явж эмчлүүлэхээс өөр аргагүйд хүрлээ.
-Хавдраа дахиад эмчлүүлэхээр болсон нь санхүүгийн төдийгүй сэтгэл зүйн хувьд танд хүнд тусав уу?
-Тэглээ. Ёстой хүнд тусдаг юм байна. Би ганц хүүтэй, ганц дүүтэй хүн. Хүнд өвчин тусаж, үхэлтэй нүүр тулахын цагт юм, юм л бодогддог юм байна. Өөрөөсөө илүү эхээс ганц хүүдээ санаа зовж сууна. Үхтэл үр харам гэдэг. Ямар ч эх хүн хүүхдээ том болсон гэж боддоггүй. Өөрөөсөө илүү хүүхдээ л дандаа боддог. Хэдийгээр хань ижил нь байгаа ч төрсөн ах, дүүгүй хүн хэцүү. Бүхий л хүнд хэцүүг ганцаараа туулдаг. Эрүүл болж, хүүтэйгээ дахиад олон жил хамт амьдармаар байна.
2017 онд эмчлүүлэхдээ хамаг боломж, бололцоогоо шавхсан. Хүү минь маш их тусласан, хөөцөлдсөн. Т.Санчирын найзууд, таньдаг ах нар нь боломжоороо тусласан, дэмжсэн.
Өвдөж, зовохын цагт ганц хүүтэй, ганц дүүтэй хүнд их хэцүү байдаг юм байна. Ганц хүүхэд цөөддөг юм байна. Хүү минь ээжийнхээ төлөө бүхнээ зориулах нь тодорхой. Өмнө нь яаж хөөцөлдлөө, ээждээ туслалаа. Энэ удаа хүүдээ бүх ачааг дахиад тэгж үүрүүлмээргүй байна. Нөгөө талаар одоо дахиад хэдэн зуун сая төгрөгийн эмчилгээ хийлгэнэ гэхээр үнэндээ санхүүгийн боломж, чадал хүрэхгүй нь. Тиймээс аргагүйн эрхэнд олон түмнээсээ тусламж, хандив хүсэж байгаа юм шүү.
Үнэнийг хэлэхэд, “Яах вэ” гэж эргэлзлээ. Т.Санчир бид хоёр хоёулаа нэрэлхүү, дотогшоо хүмүүс. “Боломж хүрвэл өөрсдөө л аргалъя, зохицуулъя” гэж их хичээлээ, хөөцөлдлөө. Энэ удаа үнэхээр хүнд өвчний өмнө хүчин мөхөстлөө.
-Эмчилгээнд ойролцоогоор хэдэн төгрөг шаардлагатай байгаа вэ?
-БНСУ, Турк, ОХУ-ын эмнэлгийг судлалаа. Ер нь БНСУ-д эмчилгээний зардал их өндөр юм байна. Зардал арай гайгүй, визгүй гээд олон талаас нь бодолцож, судалж байгаад Туркэд эмчлүүлэхээр шийдлээ. Энэ оношинд таарсан тариаг нэг удаа хийлгэхэд 10 сая төгрөгийн үнэтэй. Цөөндөө 10 удаа хийлгэж таарна. Тэгээд гадагшаа явах, бас бус эм, тариа, эмчилгээ гээд 200-гаад сая төгрөг шаардлагатай байгаа.
-Хандивын аян эхлээд удаагүй байна. Одоогоор хэдэн төгрөг цуглараад байгаа вэ?
-Олны хүч оломгүй далай гэдэг үнэхээр үнэн үг юм аа. Бараг 20-иод сая төгрөг цугларчихаад байгаа. Хандивын аян өрнөж эхэлснээс хойш нэг сайхан зүйлийг мэдэрлээ, эгч нь.
Хүмүүс “Хурдан эдгээрэй”, “Заавал эдгэнэ шүү”, “Эдгэнэ ээ, болно, бүтнэ” гээд маш гоё ерөөлийн үгнүүдийг чатаар илгээж байна. Олон түмний ерөөлийн үг хүчтэй шүү дээ. Олны сайхан ерөөл тодорхой хэмжээнд надад нөлөөлнө. Надад их сайхан санагдаж байна. Түрүүн хэлсэнчлэн, олон түмнээс хандив гуйхаас санаа зовоод байсан миний сэтгэл амарлаа. Эдгэрэх, дахиад олон жил хүүтэйгээ хамт амьдрах, улам их хичээх урам зориг авлаа.
-Хандивын аянд нь зориулсан сагсан бөмбөгийн бооцоот тэмцээн зохион байгуулах сураг дуулдсан. Хэзээ болох бол?
-Одоогоор тов нь хараахан гараагүй байна. Багууд цугларахаар хийхээр төлөвлөсөн гэсэн.
-Та Турк руу хэзээ явах вэ?
-Энэ долоо хоногт багтаад даруй явчих юм сан гээд хөөцөлдөж явна. Хүү Т.Санчир маань гадаадад бэлтгэл хийж байгаа. Тэндээс шууд Турк хүү явж, над дээр очно.