Финландын ерөнхий сайд Санна Марины бүжиглэж байгаа бичлэг цахим ертөнцөд багагүй дуулиан болж байна. Олон нийт энэ бичлэгийг энгийн нэг үдэшлэг гэж үзэхгүй байгаа нь түүнийг мансууруулах бодис хэрэглэсэн байж магадгүй гэж таамагласантай холбоотой.
Энэхүү бичлэгэнд ерөнхий сайдаас гадна Финландын олны танил хүмүүс байсан нь иргэдийн бухимдлыг хүргэхэд нөлөөлсөн байна. Эсрэг намаас нь түүнийг “мансууруулах бодис” хэрэглэсэн эсэхийг шалгахыг хүртэл шаардаад амжжээ.
Харин Санна Марин энэ талаар “Би согтууруулах ундаа хэрэглэж, найзуудтайгаа сахилгагүйтсэн нь үнэн. Ингэлээ гээд мансууруулах бодис хэрэглэсэн гэсэн үг биш” гэжээ. Дэлхийн хамгийн “залуухан ерөнхий сайд”-д тооцогддог түүний хөгжилдөж байгаа бичлэг, зураг үе үехэн олон нийтэд цацагддаг.
Долоон хоногийн өмнө түүнийг Германы Bild сониноос “хамгийн догь” ерөнхий сайд гэж цоллоод байсан. Түүнчлэн залуу ерөнхий сайд өөртөө багахан цаг гаргахад буруудахгүй гэж үзэж байгаа хэсэг ч байгаа юм.
Хамгийн сүүлд Их Британийн ерөнхий сайд Борис Жонсоныг хөл хорионы хязгаарлалтын үеэр үдэшлэг зохион байгуулсанд иргэд бухимдан, түүнийг “хууль зөрчсөн, ёс суртахуунгүй” гэж үзсэнээр намын даргын суудлаасаа огцроод буй. Санна Маринагийн хувьд хууль зөрчөөгүй ч өмнө нь ковид-19 вирусийн ойрын хавьтал болчихоод үдэшлэгт орж байсан нь түүнийг “хөнгөн” буюу иргэдийн итгэх итгэл багасахад нөлөөлөх магадлалтай гэж хэвлэлүүд бичиж байна.
Эх сурвалж: BBC