Монголын сагсан бөмбөгийн холбооны Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Удирдах зөвлөлийн хурлаар холбооны 2022 оны ажлын Ерөнхий төлөвлөгөөг баталж, FIBA-ийн 3 сургалт, МСБХ-ны 60 жилийн ойн баяр тэмдэглэхээр шийдвэрлэсэн байна.
Мөн шинэчилсэн логоны загвар гаргах уралдааныг өнгөрсөн зургаадугаар сард зарлаж, ирсэн нийт 40 орчим саналаас оролцогч Б.Төрмөнхийн бүтээлийг сонгон шалгаруулахаар тогтжээ.
Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн хөгжлийн түүхэнд онцлох үйл явдал тохиож, анх удаа FIBA-ийн албан ёсны тэмцээнд эмэгтэй шигшээ баг оролцохоор боллоо. Тодруулбал, Монгол Улсын өсвөрийн эмэгтэй шигшээ баг есдүгээр сарын 5-11-нд БНЭУ-ын Банголор хотноо зохион байгуулагдах FIBA U18 эмэгтэйчүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, “В” ангилалд өрсөлдөх юм. Тэмцээнд оролцох багийн бүрэлдэхүүн, бэлтгэл ажлын төлөвлөгөө, холбогдох төсвийг хэлэлцэн баталжээ. Энэхүү тэмцээнд оролцох өсвөрийн эмэгтэй шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар Г.Ундрах, дасгалжуулагчаар Б.Дэлэг, Б.Алтанзаяа нар томилогдлоо.
Тодорхой нөхцөл байдлаас улбаалан Монгол улсад зохион байгуулагдах FIBA эрэгтэйчүүдийн 2025 оны Ази тивийн аваргын урьдчилсан шатанд орох эрхийн төлөөх тэмцээн XI сар хүртэл хойшилсон.
Гадаадад тоглож буй Монгол тоглогчдын лигүүд эхэлж, шигшээ багийн тэмцээнтэй давхцаж байгаа учир ийнхүү шигшээ багийн бүрэлдэхүүнийг шинэчлэхээр шийдвэрлэжээ. Үүнтэй уялдуулан, дасгалжуулагчдын саналыг үндэслэн нийт 31 тоглогчийг Монгол улсын шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнд урихаар тогтжээ.
Шигшээ баг есдүгээр сарын 5-ны өдрөөс бэлтгэлдээ гарч, X сард БНСУ-ыг зорин тус улсын багуудтай хамтарсан бэлтгэл хийхээр болсон байна. Шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар Ч.Ижилболд, дасгалжуулагчаар Ч.Чинзоригт, А.Алтан-Очир, Ц.Азбаяр нар багтсан бүрэлдэхүүн ажиллаж байгаа билээ.
2022-2023 оны Үндэсний Дээд Лигийг эрэгтэй, эмэгтэй ангиллаар XII сарын 1-ний өдрөөс IV сарын 30 хүртэл хугацаанд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Үндэсний Дээд Лигийн эрэгтэй багуудын нийт шагналын сан нь 1 тэрбум, эмэгтэй багуудынх 200 сая төгрөг байхаар тогтжээ.
Эрэгтэйчүүдийн лигт нийт 10 баг оролцоно. Түрүүлсэн баг 500, удаалсан нь 250 сая, хагас шигшээд шалгарсан хоёр баг тус бүр 75 сая төгрөг, хасагдах шатанд үлдсэн дөрвөн багт тус бүр 25 сая төгрөгийн шагнал олгоно.
Эмэгтэйчүүдийн лигт нийт 6 баг оролцоно. Түрүүлсэн баг 100 сая, удаалсан нь 50 сая төгрөг, хагас шигшээд шалгарсан хоёр баг тус бүр 25 сая төгрөгийн шагналтай.
Үндэсний Дээд Лигийг зохион байгуулах ажлын хэсгийг МУГТ Т.Түвшинбаяр ахлах бол Удирдах зөвлөлийн гишүүн Т.Мөнхсайхан, Р.Цэвэгмэд, МСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал, шигшээ багийн дарга М.Отгонбаяр нар бүрэлдэхүүнд нь багтан ажиллахаар болжээ.