Өнгөрсөн зургаадугаар сард ШӨХТГ-аас нэр бүхий 11 банкинд 2202000183 дугаартай хэрэг нээж зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг наймдугаар сарын 12-ны өдөр хийж дуусгаснаа мэдээлсэн.
Мөн нэр бүхий есөн банкинд зээл олголтын шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоох, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах, зөрчлийн үр дагаврыг арилгахыг тус тус даалгаж, 30 хоногийн хугацаатай “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай” албан даалгавар хүргүүлсэн юм.
Энэ асуудлаар ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун “Банкны зээлийн шимтгэл нэг хувийг судлах явцад ямар ч тооцоо судалгаа байхгүй, зүгээр л зээл гаргаж өгсний төлөө шимтгэл авч байгаа нь хэрэглэгчийн аргагүй байдлыг нь ашиглан, хясан боогдуулсан шинжтэй, тендерт шалгаруулаад хувь авдаг гэдэг шиг л хууль бус харагдаж байна.
Тиймээс банкууд хуульд нийцүүлэн шимтгэл хураамжаа үндэслэлтэй тогтоож, иргэдээс хууль бусаар хураасан шимтгэл, хураамжаа эргүүлэн төлөх, эсхүл үндсэн зээлээс нь хасч тооцох хэрэгтэй.
Энэ асуудлыг хөндөхөд “Зээл авсан иргэд бүгд нэг хувиа авна гэвэл яах вэ? банкны салбараа татаж унагаах гэж байна” гэсэн асуулт, шүүмжлэл ирж байна. Банкууд хууль бусаар ашиг олж оршин тогтнодог байж болохгүй.
Салбар нь унах вий гээд хууль зөрчиж, иргэдийг хохироосоор байгаа асуудлын хажуугаар нүдээ аниад сууж болохгүй. Тэгээд ч банкууд иргэдээс хууль зөрчиж нэг хувийн шимтгэл аваад, түүнийгээ иргэдэд буцаан зээлдүүлж эргэлдүүлэн хэд дахин ашиг олчихсон, хууль бусаар хураасан нэг хувийн шимтгэлээ буцаан төлөхөд эрсдэл хүлээхээргүй болсон байгаа. 30 хоногийн хугацаатай Албан даалгаврын биелэлтийн хариу ирсний дараа дараагийн арга хэмжээг авах болно хэмээн байр сууриа илэрхийлжээ.