Ажиллах хүчний судалгааг Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр танилцууллаа.
Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа "Манай улсад ажилгүйдлийн түвшин энэ оны нэгдүгээр улиралд 8.5 хувьтай байсан бол хоёрдугаар улирлын байдлаар 7.8 хувь болж буурсан. Ажилгүйдлийн түвшин буурахад нийт хөдөлмөр эрхэлж буй иргэдийн тоо гол нөлөөг үзүүллээ.
Өнгөрсөн онтой харьцуулбал цар тахлын хөл хорио тавигдсан бөгөөд хөдөлмөр ихээр шингээдэг зарим салбар сэргэлттэй байсан нь нөлөө үзүүлсэн. Тухайлбал, үйлчилгээний салбарт ажиллагчдын тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 42 мянгаар нэмэгдсэн байна.
Ажиллагчид 1.2 сая болж, өмнөх оны мөн үеэс 59.2 (5.4%) мянгаар, өмнөх улирлаас 36.4 (3.2%) мянгаар өссөн. Ажиллах хүчний оролцооны түвшин 59.3 хувь болж, өмнөх улирлаас 1.3 нэгж хувиар, өмнөх оны мөн үеэс 2.5 нэгж хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа.
Өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлого 2022 оны хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 0.8 хувиар буурлаа. Учир нь Засгийн газрас иргэн бүрд 300 мянган төгрөг, вакцины мөнгө зэргийг цар тахлын үед олгож байсан нь энэ онд байхгүй болсонтой холбоотой" гэв.
Түүнчлэн өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит мөнгөн орлогын хэмжээ 2022 оны хоёрдугаар улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс есөн (0.8%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 53 мянган төгрөгөөр буюу 4.8 хувиар буурчээ.
Бодит мөнгөн орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс 0.8 хувиар буурахад тэтгэвэр, тэтгэмжийн бодит орлого 67 мянган төгрөгөөр буюу 19.3 хувир буурсан нь нөлөөлсөн аж.