Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбооноос үнийн өсөлтийн талаар Сүхбаатарын талбайд мэдээлэл хийлээ.
Тэд "Үнийн өсөлтөд Засгийн газрын шийдвэрээр хэрэгжүүлж буй чингэлэг тээвэр нөлөөлж байгаа. Иймд үүнийг зогсоож задгай тээврийг явуулахыг Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн сайдаас шаардана. Энэхүү шаардлагыг хүлээн авахгүй тохиолдолд хүнд даацын автомашинтай жагсаал хийнэ" гэж мэдэгдэв.
Нийт тээвэрчид нэгдэн "Соёмбо" холбоог байгуулжээ. Тус холбооны гүйцэтгэх захирал Б.Ууганбаяр "Нэгдүгээрт, жолооч нар ажлын байраа алдаад байна. Хоёрдугаарт, үнийн өсөлтөд чингэлэг тээвэр нөлөөлж байна. Жишээ нь гурван задгай тээвэрт ачих ачааг 8-9 чингэлгээр оруулж ирж байна шүү дээ. Энэ нь үнийн өсөлтөд маш их нөлөөлж байгаа. Нэг машины ачааг гурав хуваагаад чингэлэгт хийж маш том хүндрэл үүсгэж байна.
Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар огцрох цаг нь болсон. Чингэлэг тээвэр нэрийдлээр тээвэрчдэд дарамт үзүүлж байна. Дур мэдэж шийдвэр гаргадаг биш салбарынхантай хамтарч ярилцдаг баймаар байна. Ковидын нэрээр эмх замбараагүй байдлыг бий болгох юм.
Энэ мэтчилэн төр, засгийн гаргаж байгаа шийдвэр маш дутуу, дулимаг. Улс, хоорондын тээвэр хийж амьжиргаагаа залгуулдаг 5700 гаруй жолоочийн ажлын байрыг буцааж өгөх хэрэгтэй. Иргэдийн ажлын байрыг бүрэн чөлөөлж төрийн нэрээр үүрэг гүйцэтгэж байгаа 30 автомашинаа даруй татан авах, гаднын хөрөнгө оруулалттай компаниудад давуу байдал олгохгүй байхыг шаардаж байна. Төрийн нэртэй чингэлэг тээврийн автомашин өдөр болгон, харин иргэнийх сард ганцхан явж байгаа.
Хэрэв шаардлагад хариу өгөхгүй, хүлээн авах бол хүнд даацын автомашинтай жагсаал хийнэ. Одоогоор 100 автомашин бэлэн байна" гэлээ.