БНХАУ-аас Москвад суугаа элчин сайд Жан Ханхуй АНУ-ыг Украины дайныг өдөөсөн гол буруутан гэж хэллээ. Тэрээр үргэлжлүүлэн "АНУ ОХУ-ыг дарахын тулд Украины дайныг ашигласан" гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. “АНУ нь Украины хямралын гол өдөөгч нь бөгөөд ОХУ-ын эсрэг цогц хориг арга хэмжээ авч байгаа хэрнээ Украинд зэвсэг үй олноор хандивлаж байна” гэж Жан Ханхуй хэлсэн талаар Тасс агентлаг мэдээллээ.
Түүнчлэн ОХУ-БНХАУ-ын харилцаа түүхэн сайн үе дээрээ ирсэн талаар онцолсон байна. Харин БНХАУ-Тайванийн талаар “Дэлхий дээр энх тайван, амар амгаланг цогцлоохын тулд аливаа улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх нь чухал” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, манай улсын хоёр хөршийн төлөөллүүд Орос-Украин, БНХАУ-Тайванийн асуудлаар ямар байр суурьтай байгаагаа баталсаар байна.
Нөгөө талд, Украин болон барууны эвсэл дээрх яриаг няцааж, 1991 онд ЗХУ задарснаас хойш тусгаар тогтносон хөрш рүүгээ халдаж буй түрэмгийллийн шинжтэй үйлдэл гэдгийг сануулсаар байгаа юм.
Эх сурвалж: AL JAZEERA