БНХАУ-ын зүүн хэсэгт буюу Шангдонг, Хэнань мужид (LayV) вирус 35 хүнд илэрчээ. Өвчтөнүүдэд халуурах, ядрах, ханиах шинж тэмдэг зонхилон илэрч байгаа юм байна. Эрдэмтэд энэхүү шинэ вирусийг амьтнаас гаралтай гэж үзэж байгаа бөгөөд голчлон сохор номингоос илэрсэн байна.
Эрдэмтэд "Одоогоор айж сандрах зүйл байхгүй. Энэ вирус нь хүнийг үхэлд хүргэсэн тохиолдол байхгүй талаар мэдэгдээд байна. Харин шинэ вирусийг сохор номин шиг хөхтөн амьтад тээж байх магадлал өндөр байгаа талаар хэлсэн байна. Тодруулбал, шинжилгээнд хамруулсан амьтдаас сохор номингийн 27 хувьд, нохойны таван хувьд, ямааны хоёр хувьд вирус илэрчээ.
LayV-г амьтнаас хүнд халдварлах чадвартай вирус гэж үзэж байна. БНХАУ, Сингапур, Австралийн эрдэмтэд одоогоор шинэ вирусийг судалж байгаа бөгөөд цаашдын хор уршгийг мэдэхэд хугацаа шаардлагатай байгаа талаар илэрхийлсэн. БНХАУ-д илэрсэн 35 тохиолдлын ихэнх нь фермийн ажилчид байсан бөгөөд хоорондоо холбоогүй буюу хүнээс хүнд халдварласан гэж үзэхэд бэрх байгаа талаар Хятадын талаас мэдээлжээ.
Харин НҮБ-аас энэ төрлийн вирус дахиад олноор ч нэмэгдэх магадлалтай гэж үзсэн байна. Үүнийг хурдтайгаар хувьсан өөрчлөгдөж буй уур амьсгалын өөрчлөлт, эрчимтэй нэмэгдэж буй ан агнууртай холбон тайлбарлаж байна.
Эх сурвалж: BLOOMBERG, BBC