Засгийн Газрын хуралдааны шийдвэрийг мэдээлэх үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, нийтлэлч Б.Баабарт хандаж үг хэллээ.
Тэрбээр, “Би твиттерээс Б.Баабар нийтлэлчийн нийтэлсэн нийтлэлийг харсан. “Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр нэрт найруулагчийн найруулсан баримтат киноны үр дүнд БНХАУ нь Монгол Улсаас худалдаж авдаг нүүрснийхээ квотыг 50 хувь бууруулсан” гэсэн байсан. Би Баабар гуайд гээд хаяглаад хэлчихье.
Бусад нь юм ойлгодоггүй юм байж гээд бодоход, олон улсын хямралт нөхцөл байдлын үед улс орноо бодож, Монгол Улсын Засгийн газрын нэр хүндийг зориуд захиалгаар сэвтүүлдэг үйлдлийг битгий гаргаач ээ. Монгол Улсын Засгийн газраас ямар нэгэн ийм суртал ухуулгын нэвтрүүлэг захиалж хийлгэсэн, зөвшөөрсөн зүйл огт байхгүй гэдгийг нэгдүгээрт хэлье.
Хоёрдугаарт, Баабар нийтлэлч экспортын нүүрсний биет хэмжээ 50 хувиар буурсан гэдэг ийм агуулгыг дурдсан байна лээ. Та бүхэн Гаалийн Ерөнхий газрын веб сайтруу нэвтэрч ороод 2022 оны 6,7-р сарын нүүрсний экспортын биет хэмжээг хараарай. 2019 оны оргил үеэс давсан хэмжээнд байгаа. Хуучин автомашины тоогоор ярьдаг байсан бол одоо биет хэмжээ буюу нэг хөдлөх бүрэлдэхүүн буюу нэг удаа урагшаа Гашуун сухайт, Шивээ хүрэнгийн боомт, цаашлаад Хангимандалын боомтоор гарч байгаа хэмжээ нь 140 тн-оор гарч байгаа. Өчигдөр Гашуунсухайтын боомтоор 558 тээврийн хэрэгслийг гаргасан, үүнийг 140 тн-оор үржүүлэх хэрэгтэй. Хангимандалын боомтоор өчигдөр 228, Шивээ хүрэнгийн боомтоор 80 орчим тээврийн хэрэгсэл гарсан. Бид өглөө бүр боомтын мэдээллийг авч байгаа. Өчигдөр Замын-Үүд, Эрээний боомтын үйл ажиллагаа богино хугацаанд тасалдсан. Эргээд хэвийн байдалдаа ороод явж байгаа.
Олон Улсын байдал тогтворгүй, сөргөлдөөнт байдал их байгаа үед бид яаж энэ улс төр, эдийн засгийн хямралыг даван туулах вэ гэвэл, бид нэг бодолтой, нэг зорилготой байх ёстой. Улс орноо дампуураасай гэсэн бодолтой ийм сэтгэл зүйн хандлагаар цааш явж болохгүй гэдгийг эцэст нь хэлье” гэлээ.