Хумсаа хэрхэн эрүүл байлгах, зөв арчлах тухай зөвлөгөөг артист Г.Золзаяа хүргэж байна.
ХҮН БҮР ХУМСНЫ ТОС ТОГТМОЛ ТҮРХЭХ ХЭРЭГТЭЙ
Урт хиймэл хумс хийлгэдэг хүмүүс хумсаа хэзээ ч битгий 14 хоногоос илүү байлгаарай. 14 хоног тутамд нөхөх, эсвэл шинэ хумс хийлгэх шаардлагатай. Удаах тусмаа өөрт тань маш муугаар нөлөөлдөг.
Гелен будалт хийлгээд, хумс нь нимгэрсэн хүмүүс зөвхөн гаднаас нь арчлахгүйгээр, дотроосоо ч витамин сайн уух хэрэгтэй.
Хумсаа буддаггүй, энгийн байлгадаг хүмүүс хумсны тос буюу “cuticle oil”-ийг өдөр бүр түрхэх хэрэгтэй.
Хэрвээ хумсны будаг гэрлэнд ороод 30 секундын дотор хатаж байвал ямар нэгэн байдлаар тэнд химийн бодис орсон гэсэн үг.
Гелен хумсанд хэзээ ч органик, сайн, муу гэсэн зүйл байхгүй. Брэндээсээ шалтгаалан чанарын ялгаа байдаг. Аль болох чанартай, брэндийн бүтээгдэхүүн хэрэглэж байгаарай.
Байнга хумсаа будсаны сөрөг үр дагавар байхгүй. Харин буруу арчилгааны сөрөг үр дагавар гэж бий. Учир нь, хумсаа буддаг зарим хүмүүс будгаа нэг сар ба түүнээс дээш хугацаанд байлгадаг. Будагн нь хуураад ирэхээр өөрөө шүдээрээ, эсвэл гараараа хуулаад авчихдаг. Тэр маш буруу. Хэзээ ч ингэж болохгүй. Хэрвээ хумсаа хийлгэдэг л бол 10-14 хоногт байнга шинэчилж, заавал мэргэжлийн хүнээр будгаа арилгуулбал сөрөг нөлөөгүй байдаг” гэж зөвлөлөө.
Бид будгаа хатаах зорилгоор UV гэрэлд хумсаа хийдэг. Тэр гэрэл нь хортой учраас үргэлж гарандаа нарны тос түрхэх эсвэл бээлий өмсөж хийвэл гарны арьсыг хамгаална.
ДОТРООСОО ВИТАМИН УУСНААР ХУМС БАТ БЭХ БОЛНО
Коллаген, биотин маш сайн ууж байх хэрэгтэй. Тэгснээр хумс дотроосоо эрүүлжиж, бэхжиж өгнө.
Маникурист солиод, очих бүртээ өөр хүнээр хийлгээд байвал таны хумсны онцлогийг тухайн хүн таньж чадахгүй. Нэг сайн артист олсон бол байнга үйлчлүүлээд, тэр хүнээрээ хумсныхаа арчилгааг сайн хийлгэх нь чухал.