Эх оронд нь нүүрлээд буй эдийн засгийн хямрал, дампуурлаас үүдэн эрх баригчдыг эсэргүүцсэн жагсагчид Ерөнхийлөгчийн ордныг эзэлжээ.
Шри-Ланкийн Ерөнхийлөгч Готабая Ражапакса жагсагчид түүний албан ёсны ордон руу дайран орж, Ерөнхий сайдын байшинг шатаасны дараа албан тушаалаасаа огцрохоо мэдэгдсэн юм.
Жагсагчдыг ордныг нь эзлэх үед Ерөнхий сайд ч, Ерөнхийлөгч ч эзгүй байсан аж.
Бямба гарагт Ерөнхийлөгч Ражапаксагийн ордны гадна 100 мянга гаруй хүн цугларч, түүнийг огцрохыг шаардсан нь Өмнөд Азийн 22 сая хүн амтай тус улсад уур хилэн урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрсний тод жишээ болж байв.
Шри Ланкийн телевиз болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан видео бичлэгт жагсагчид цагдаагийн хамгаалалтын бүсийг нэвтлэн Ерөнхийлөгчийн ордон болох Ражапаксагийн оффис руу нэвтэрч байгааг харуулсан байна. Зурган дээр жагсагчид барилга дотор, тагтан дээрээ туг өлгөн, усан санд нь сэлж байгаа дүр зураг буужээ.
Тухайн үед Ерөнхийлөгчийн ордонд хэдэн хамгаалалтын ажилтан байсан нь тодорхойгүй байна.
Хэрэв Ерөнхий сайд Викремесингхе, Ерөнхийлөгч Ражапакса хоёулаа огцорвол Шри Ланкийн үндсэн хуулийн дагуу парламентын дарга 30 хоног хүртэлх хугацаагаар Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллах юм. Үүний зэрэгцээ парламент 30 хоногийн дотор бүрэн эрхийнхээ үлдсэн хоёр жилийн хугацаанд энэ албыг хаших нэг гишүүнээсээ шинэ Ерөнхийлөгчөө сонгох ёстой болно.
Эх сурвалж: CNN News