Монгол Төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор тухайн үеийн УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, С.Бямбацогт нарын гишүүд 2009 оны 1 дүгээр сард Төрийн далбааны өдрийг хуульчлах саналыг УИХ-д өргөн барин Мөн оныхоо 6 дугаар сард батлууснаар жил бүрийн долдугаар сарын 10-нд Улсын баяр наадмын өмнөх өдөр тэмдэглэж ирсэн билээ.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДАЛБААНЫ ТҮҮХ
Монголын анхны төрт улс Хүннү гүрний туг далбааны талаар нарийвчлалтай баттай нотолгоо олдоогүй ч, одоогоор олдоод байгаа шинжлэх ухааны нотолгооноос үзэхэд Хүннүчүүдийн сүлд нь нар, сар байсан ажээ.
Анхлаад 1206 онд Их Монгол Улсын төрийн далбаа нь мөнх тэнгэрийн хөх өнгийн дэвсгэрт дээр цагаан шонхор шувуу дүрслэгдсэн байдаг юм. Хожим 1250-аад оны хавьцаа хөх дэвсгэрт дээр цагаанаар наран, саран, гал гурав мөнхөрсөн байна. Монголын их Юань гүрнээс эхлээд XVIII зууны дунд үе хүртэл Монголчуудын дунд төрийн далбаа нь энэ хэвээр байсан аж. Наад зах нь 2000 жилийн түүхтэй өвлөгдөн ирсэн нар, сар нь одоог хүртэл Монгол төрийн далбааны Соёмбод байдаг билээ.
Монгол Улс одоогийн Төрийн далбааг 1992 оноос хэрэглэж эхэлсэн бөгөөд өмнө нь 1911, 1924, 1940, 1945, 1960 онд Төрийн далбаагаа шинэчилж байсан.
1945 оны 7 дугаар сарын 10-ны өдөр БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 43 дугаар хурлыг зохион байгуулж, түүн дээр Х.Чойбалсан Москвад хийсэн айлчлалын талаар ярьж, Монгол Улсын тусгаар тогтнолыг Хятадаар хүлээн зөвшөөрүүлэх талаар ЗХУ-аас тавьж буй хүчин чармайлт бүтэмжтэй болж буйг тэмдэглээд “БНМАУ-ын төрийн далбааны маяг, найрууллын тухай” асуудлыг тусгайлан яаралтай хэлэлцүүлэн баталжээ. Үүнээс өмнө Үндсэн хуульд гол төлөв БНМАУ-ын туг далбаа хэмээн бичиж ирсэн бөгөөд энэ үеэс хойш БНМАУ-ын төрийн далбаа хэмээх болов. Энэ далбааны эхийг БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналт, УГЗ Д.Чойдог зохиосон байна.
Монгол Улсын Төрийн далбаа 1992 оноос Монгол Улсын Төрийн далбаа нь Монгол Улсын ардчилсан үндсэн хууль хүчин төгөлдөр болсон цагаас буюу 1992 оны 2 сарын 12-ноос хэрэглэгдэж эхэлсэн. Үндсэн хуулийн 12-р зүйлийн 4 дэх хэсэгт: "Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна." гэж заажээ.
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадам эхэлж буй 07 дугаар сарын 10-ны энэ өдөр алтан соёмбот Төрийн далбаагаа өндөрт мандуулж, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаал хийнэ.
Дашрамд, Дэлхийн бүх улс орон төрийнхөө далбаанд онцгой хүндэтгэл үзүүлдэг байна. Жишээ нь: Канад улсад 8 дугаар сарын 15, ОХУ-д 8 дугаар сарын 22, АНУ-д 6 дугаар сарын 14, Итали Улсад нэгдүгээр сарын 7, Европын холбооны улсууд 5 дугаар сарын 9-нд тус тус Төрийн далбааны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг байна.