ХБНГУ-ын Франкфурт хотын Фрапорт олон улсын нисэх буудал Ковид-19 вирусын хязгаарлалт цуцлагдсаны дараа бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжгүй байгаа нь МИАТ компанийн Франкфурт чиглэлийн нислэгт нөлөөлж, нислэгийн цагийн хоцрогдол ихээр гарч байна.
Фрапорт Олон Улсын нисэх буудалд ажиллах хүн хүчний дутагдалтай байдлаас шалтгаалан агаарын хөлөг тус нисэх буудалд газардсанаас хойш 2 цаг гаруйн дараа зорчигчийн ачаа тээшийг буулгах зэрэг хүндрэлүүд гарч байна. Иймд дараагийн нислэгээс хоцрох, ачаа тээш саатах асуудлууд гарч байна.
Фрапорт Олон Улсын нисэх буудлын General Deputy Officer “Ковид-19 вирусын цар тахлын үед ажлаас чөлөөлөгдсөн ажилчид эргэж ажилдаа ороогүй, мөн зуны нислэгийн үеэр шинэ ажилчид авах боломжгүй байна” хэмээн мэдэгджээ.
ХБНГУ-ын Lufthansa компани ажиллах хүн хүчний хомсдолтой байдлын улмаас ихэнх нислэгүүдээ цуцалж байгаа тул тус компанийн нислэгээр дамжин аялах зорчигчид аяллын тийзэнд нь өөрчлөлт орсон эсэхийг сайтар нягтална уу.