Турк улсад жилийн үнийн өсөлт тавдугаар сард 73.5% байсан бол зургадугаар сард 78.6% болж өссөн ч бодит ханш хоёр дахин их байж магадгүй гэнэ.
Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы уламжлалт бус эдийн засгийн бодлого нь амьжиргааны өртгийг нэмэгдүүлсээр байгаа тул Туркийн албан ёсны инфляцийн түвшин өнгөрсөн сард бараг 80 хувьд хүрч өссөн нь сүүлийн 24 жил дэх хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Туркийн статистикийн агентлагийн мэдээлснээр, жилийн үнийн өсөлт тавдугаар сард 73.5% байсан бол зургадугаар сард 78.6% болж өсчээ.
Сөрөг хүчний намууд болон эдийн засагчид газрын тос, байгалийн хийн үнэ сүүлийн үед нэмэгдсэн нь инфляцийн бодит түвшин албан ёсны тооноос бараг хоёр дахин өссөн гэсэн үг хэмээн тайлбарлав.
Туркийн Сангийн сайд Нуреддин Небати засгийн газрын эдийн засагтай холбоотой шүүмжлэлийг зогсоохыг оролдсон бөгөөд өнгөрсөн долоо хоногт хэрэглээний үнэ оны эцэс гэхэд буурч эхэлнэ гэж мэдэгдсэн юм.
"Би та бүхэнд болон ерөнхийлөгчид амлаж байна, 12-р сараас эхлэн инфляци буурах болно" гэж Небати хэлжээ.
Засгийн газар сүүлийн зургаан сарын дотор хоёр дахь удаагаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлж, цалинг 30 хувиар нэмэгдүүлснээ зарласны дараа Сангийн сайд энэхүү тайлбараа өгчээ. Энэхүү өсөлт нь нийт ажилчдын 40 орчим хувийн сарын цалинг 254 доллараас (209 фунт стерлинг) 328 доллар болгон нэмэгдүүлсэн.
Ерөнхийлөгч Эрдоган Туркийн асуудал бол инфляци биш гэж мэдэгдээд “Бидэнд инфляцийн асуудал байхгүй. Бидэнд амьжиргааны өртөгтэй холбоотой асуудал байна” гэж өнгөрсөн сард хэлж байсан юм.
Туркийн бие даасан эдийн засагчдын ENAG группээс сар бүр гаргадаг тайланд хэрэглээний үнэ зургадугаар сард өмнөх оныхоос 175%-иар өсч, үнэ 2022 он гарснаас хойш 71.4 хувиар өссөн байна.
Истанбул хотын худалдааны танхимын мэдээлснээр Туркийн хамгийн том хотын инфляци жилийн 94%-д хүрчээ.
Туркийн албан ёсны мэдээллийн үнэн зөв байдлын талаархи маргаан улам бүр нэмэгдэж байгаа нь Эрдоганы засгийн газрын хувьд ирэх жилийн сонгуулийн өмнөх улс төрийн хүнд асуудал байх төлөвтэй байна.
2021 оны эхээр албан ёсоор 15% байсан инфляци 1998 оны өрийн хямралын үеэр Эрдоганыг засгийн эрхэнд гаргахад тусалсан мөнгөн тэмдэгтийн уналтаас хойшх хамгийн дээд түвшиндээ хүрчээ. Турк лирийн ханш зөвхөн энэ онд 20 хувиар унажээ.
Эх сурвалж: The Guardian