“Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалт”-ын хүрээнд “Хилийн чанад дахь эх хэл, соёлын багш нарын зөвлөгөөн”-ийг 07 дугаар сарын 03-ны өдөр зохион байгууллаа.
2021-2022 оны хичээлийн жилд дэлхийн 16 оронд монгол хэл, соёлын сургалт явуулж буй 40 гаруй сургалтын байгууллага бий гэж бүртгэгджээ.
Эдгээр сургалтын байгууллагын багш нарын ээлжит уулзалт, зөвлөгөөн Улаанбаатар хотод болж, дэлхийн улс орнуудын хэл заах арга зүйн өвөрмөц, шинэлэг аргууд болон түүнийг монгол хэл заахад бүтээлчээр ашиглах нь, хилийн чанад дахь эх хэл, соёлын сургалтын өнөөгийн байдал, шинэчлэл, шийдвэрлэх асуудлууд зэрэг дэд сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй дээрх 40 гаруй сургалтын байгууллага нь танхимын болон цахим хэлбэрээр сургалтаа явуулж байгаа бөгөөд цар тахлын үеэр цахим сургалт илүү идэвжхжин, монгол хэлний сургалтад шинээр хамрагдах хүүхдийн тоо ихэсч байгаа хандлагатай байна.
Харин цар тахлын үр нөлөөний улмаас 10 гаруй сургалтын төв үйл ажиллагаагаа зогсоосон байна.
БШУЯ болон холбогдох боловсролын байгууллагуудаас хамтран боловсруулсан Жишиг хөтөлбөр болон "tsahimreader.mn" вэб-д суурилсан цахим хичээл болон багш нарт зориулсан цахим арга зүйн сургалтууд цар тахал болон түүний дараах үед эх хэлний сургалт тасралтгүй тууштай үргэлжлэхэд сургалтын байгууллагуудад гол дөхөм болсон талаар зөвлөгөөнд оролцсон багш нар хэлж байв.
“Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-аас цаашид хилийн чанад дахь монгол соёлын боловсролын нэгдсэн хөтөлбөрийг боловсруулах болон, багш нарыг сурган бэлтгэхэд анхааран ажиллаж байна.