Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдөр хэвлэлийн хурал хийж байна. Тус хорооны дарга, Шадар сайд, С.Амарсайхан болон салбар хороодын дарга нар оролцож мэдээлэл өгч байгаа юм.
Бөхийн цолтой холбоотой асуудлаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүн, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдээлэл өглөө.
Тэрбээр "Бөхийн цолтой холбоотой үүсэж байсан маргаануудыг энэ удаагийн хуультай нийцүүлээд, Засгийн газрын баталж буй дүрмээр, Үндэсний бөхийн холбооны саналыг харгалзаад эрэмбийг олон нийтэд нээлттэй болгох асуудал хуульчлагдсан.
Өөрөөр хэлбэл Улсын арслан цолтойгоос доош цолтой бөх 1,024 бөхийн барилдаанд түрүүлбэл Улсын аварга цол авч байгаа. Улсын арслан цолтой бөх түрүүлбэл Даян аварга болно. Харин үзүүрт үлдвэл Улсын аварга болж байгаа цолны эрэмбэ явж буй.
Цаашдаа монгол бөхийн цолны үнэлэмжийг сайжруулах үүднээс аварга цолтой бөх заавал түрүүлсэн байх шаардлагыг тавьж байгаа.Тодруулбал 1,024 бөхийн барилдаанд үзүүрлэж Улсын арслан цол авсан бөх дараа удаагийн 1,024 бөхийн барилдаанд бас үзүүрлэвэл аварга цол авч чадахгүй, чимэг л авна гэсэн үг.
Улсын наадмын 524 болон 1,024 бөхийн барилдаанд түрүүлсэн бөхчүүд Улсын аварга, Даян аварга, Дархан аварга гэх хүндтэй цолыг авна.
Өнгөрсөн хугацаанд цол олгохтой холбоотой төөрөгдлүүд гарч байсан. Үүнийг залруулъя. Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлд цолны батламж олгохоор тусгасан байсан. Үүнд допинг хэрэглээгүй нь нотлогдсон тохиолдолд Ерөнхийлөгч ёслолын арга хэмжээ зохион байгуулж цол олгохоор байсныг УИХ-аар хууль хэлэлцэх явцад өөрчлөөд уламжлалт байдлаар буюу долдугаар сарын 12-ны өдөр тодорхой амжилт үзүүлсэн бүх бөхөд Ерөнхийлөгчийн зарлигаар цолыг олгоно.
Бөхчүүдээс допингийн шинжилгээг тагнуулын болон цагдаагийн байгууллага, хөндлөнгийн хяналт дор авна.
Хэрэв допинг хэрэглэсэн нь нотлогдвол Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зарлигтаа өөрчлөлт оруулж, цолыг хураах, дараагийн бөхчүүдэд цолыг нөхөн олгохоор хуульчилсан" гэв.