Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.
Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хорооны дарга, бригадын генерал Д.Ганхуяг “Хуульд шилжилтийн үеийг Засгийн газрын дүрмээр зохицуулна хэмээн заасан. Энэхүү дүрмийн дагуу энэ жилийн баяр наадмын хурдан морины уралдаан дүрмээр зохицуулагдах бөгөөд хурдан морийг сэрвээний өндрөөр хэмжиж, уралдуулна гэсэн онцлогтой. Таван эгнээгээр морийг явуулна.
Морь барианы зүүн талд байршуулах 3х6 метрийн лед дэлгэцээр хурдан морины сэрвээний өндөр хэмжих үйл явц болон хэн гэдэг уяачийн хэд дугаартай морь болохыг харуулсан лайв дамжуулна. Лайвыг NTV болон Үндэсний телевиз дамжуулах ба Ардын хувьсгалын 100 жил пэйж хуудсанд лайв хадгалагдах тул иргэд орж харах боломжтой. Гарсан дүрмийн дагуу Хурдан морины салбар комисс уралдааныг өндөр хариуцлагатайгаар зохион байгуулахаар ажиллаж байна" гэв.
Түүнчлэн хууль, дүрэмд заасны дагуу Үндэсний их баяр наадам эхлэхээс гурав хоногийн өмнө дэд хороо хурдан морийг бүртгэх аж. Хурдан морины комисс долдугаар сарын 6-нд наадмын талбайд гарч байрлах тул уяачид долдугаар сарын 7, 8, 9-нд шаардлагын дагуу хурдан морио авч ирж бүртгүүлэхийг санууллаа.
Мөн Бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг "Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах ажлыг 2003 онд хуульчилсан. Ерөнхий байдлаар хуульчилсны улмаас зарим зохион байгуулалтын асуудал гарсан байдаг. Тиймээс энэ жил хуулийг шинэчлэх шаардлага байна гэж баталсан байгаа. Гол өөрчлөлт нь энэ жилдээ баяр наадмыг төрийн байгууллагуудын оролцоотой шийднэ.
Баяр наадмыг зохион байгуулах ажлыг ирэх жилээс мэргэжлийн холбоодод шилжүүлэх асуудал яригдаж байгаа. Бөхийн цол, хурдан морины уралдаанаас гадна сурын харваа, шагайн харвааны төрлийг албан ёсоор оруулж ирсэн. Уг харилцааг илүү тодорхой болгож өгсөн. Цаашдаа хурдан морины унаач хүүхдийн асуудал, хурдан морины уралдааны стандарттай холбоотой зүйлүүдийг оруулсан. Энэ жилийн хувьд шилжилтийн зохицуулалтаар явж байгаа. Ирэх жилүүдээс Засгийн газар хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж Хүнс Хөдөө Аж Ахуйн Хөнгөн Үйлдвэрийн Яам тодорхой ажлууд хийсний дараа стандартын дагуу бүртгэлжүүлж уралдах асуудал яригдана" гэлээ.