Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноонд 1180 шалгуулагч хүрээгүй байна. Эдгээр шалгуулагчид цар тахлаас шалтгаалан танхимаар хичээллээгүй нөхцөл байдал нөлөөлсөн байж болзошгүй тул дахин боломж олгож наймдугаар сард элсэлтийн ерөнхий шалгалтыг дахин зохион байгуулах шийдвэр БШУЯ-наас гарчээ.
Мөн хос хэлний мэдлэг хангалтгүйн улмаас зарим сурагч ЭЕШ-даа хангалттай оноо авч чадахгүй байх, цаашлаад их дээд сургуульд элсэх боломжгүй болж буй нь боловсролын салбарт тулгамдсан асуудлын нэг болоод буй.
Энэ талаар Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир "Баян-Өлгий аймгийн 450 хүүхэд монгол хэл, бичгийн босго оноог даваагүй. Гэхдээ бусад шалгалт дээрээ 410-480-аас дээш оноо авчихсан байгаа. Тийм учраас их, дээд сургуульд элсэх боломжийг нь хангах үүднээс наймдугаар сард монгол хэл, бичгийн шалгалтыг дахин зохион байгуулах гэж байна.
Баян-Өлгий аймгийн тухайд төр засаг, орон нутагтай нь хамтраад олон талын арга хэмжээг идэвхтэй хэрэгжүүлж байгаа. Гэвч үр дүнд хүрэхгүй байгаа учраас хүүхдүүдийн сурч, боловсрох эрхийг хангах үүднээс дээрх шийдвэрийг гаргасан. Гэхдээ унасан ч дахиад шалгалт аваад байх юм байна гэж ойлгож болохгүй" гэв.