Албаны хүмүүсийн мэдээлснээр, ачааны машины чиргүүлээс 46 хүний цогцос олдсон бөгөөд энэ нь АНУ-Мексикийн хилийн орчимд хүн хил давуулах хууль бус ажиллагааны үеэр гарсан хамгийн аймшигтай хэрэг байж магадгүй гэнэ.
АНУ-Мексикийн хилтэй ойролцоо байдаг Сан Антонио хотын Гал түймэртэй тэмцэх газрын дарга Чарльз Худ Даваа гарагт чиргүүлээс олдсон өөр 16 хүнийг халуунд цохиулж, ядарсан байдалтай эмнэлэгт хүргэсэн гэж мэдэгджээ. Тэдний дунд насанд хүрээгүй дөрвөн хүүхэд байсан аж.
Чиргүүл дотор маш халуун, усгүй болсноос хүмүүс нас барсан гэж таамаглаж буй аж. Чиргүүлээс ус олдоогүй гэдгийг онцлон дурджээ.
Цагдаагийн дарга Уильям Макманус хэргийн газарт ажиллаж байсан нэгэн хотын ажилчин даваа гарагийн 18.00 цагийн үед чиргүүл дотроос хүний гуйн хашгирч буйг сонсож, цагдаагийн газарт дуудлага өгсөн гэж мэдэгдсэн юм.
Уг машиныг хотын өмнөд захын алслагдсан бүсээр дайрдаг төмөр замын хажуугаас олжээ. Энэ хэргийн дараа гурван хүнийг баривчилсан гэж МакМанус мэдэгдэв.
Мексикийн Гадаад хэргийн сайд Марсело Эбрард ачааны машин доторх цагаачдад тохиолдсон явдлыг "Техас дахь эмгэнэлт явдал" гэж твиттер хуудсаараа жиргээд орон нутгийн консулын газар ослын газар руу явж байгаа гэж мэдэгдсэн байна.
Даваа гарагт болсон хэрэг явдал сүүлийн хэдэн арван жилд Мексикээс АНУ-ын хилийг давахыг завдсан олон мянган хүний амь насыг хохироосон хамгийн эмгэнэлт явдал байж магадгүй юм.
2017 онд Сан Антонио дахь Уолмарт дэлгүүрт зогсож байсан ачааны машин дотор арван цагаач хавчуулагдсаны улмаас нас барсан бол 2003 онд Сан Антониогийн зүүн өмнөд хэсэгт 19 цагаач ачааны машинаас олдож байв.
Мексикийн хилээс 160 миль (250 км) зайд орших Сан Антонио хотын агаарын температур даваа гарагт өндөр чийгшилтэй, 39.4 хэм хүртэл халсан байна.
Эх сурвалж: Aljazeera