“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн ажилчдын цалин хөлсийг нэмэхийг шаардаж уурхайчдын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.
Normount компанийн ажилтан Л.Төгсбаяр "Манай компанийн ажилчид цалингаа нэмүүлэх талаар удирдлагуудтайгаа хэлэлцээр хийхэд нэмэх боломжгүй гэсэн хариу өгсөн.
Хөдөлмөрийн тухай хуульд инфляцын түвшинтэй уялдуулж цалин нэмнэ гэж заасан байхад яагаад боломжгүйг нь асуухад Эрдэнэс Тавантолгой ХК-тай анх гэрээ хийхэд түлшний үнэ 1,800 төгрөг байсан ч одоо өсчхөөд байгаа. Мөн туслан гүйцэтгэгч компани хийсэн ажлынхаа хөлсийг одоог хүртэл аваагүй гэсэн хариу хэлсэн.
Аваагүй шалтгаан нь ажлынх нь хөлсийг нүүрсээр өгдөг тул хил, гааль хаалттайн улмаас нүүрсээ гаргаж чадахгүй байгаа юм байна. Энэ ганцхан манай компанитай холбоотой асуудал биш.
Өнөөдөр Эрдэнэс Тавантолгой компанийн уурхайд хүний эрх зөрчигдөж байна. Учир нь Эрдэнэс Тавантолгой компанийн ажилчид 5 сая төгрөгөөс дээш хэмжээний цалинтай байхад яг адилхан ажлын байранд ажилладаг туслан гүйцэтгэгч компанийн ажилчид маш бага хөлс авч байна. Тус компани өөрийгөө хүний эрхийг дээдэлдэг гэж сурталчилдаг ч өөрсдийнх нь төсөл дээр ингэж хүний эрх зөрчигдөж байна.
Бүх ажлыг нь туслан гүйцэтгэгч компанийнхан хийдэг мөртлөө жилийн эцсээр үр дүнгийн мөнгө гээд тус компанийн үндсэн ажилчид 10 саяас дээш төгрөгийн цалин ордог. Гэтэл бидний цалин дээр 10,000 төгрөг ч нэмэлтээр ордоггүй. Тиймээс Эрдэнэс Тавантолгой төсөл дээр байгаа ийм хөдөлмөрийн мөлжлөгийг зогсоохыг шаардаж байна.
Хятад компанитай хийсэн гэрээ дээрээ тэд туслан гүйцэтгэгч компанийн ажилчдын цалин хөлсийг бидний жишигт байлгана гэх хэдхэн үг орсон байсан бол бидний эрх ашиг ингэж хөндөгдөхгүй байсан. Ийм зүйлсээс болж бид компанитайгаа үл ойлголцож байна. Ирэх долдугаар сард гэрээг эргэж харна гэсэн зүйл яригдаж байгаа. Хэрвээ тийм бол тэр гэрээндээ бидний цалин хөлсний асуудлыг тусгаж өгөхийг хүсэж байна.
Монгол иргэд бид өөрсдийн хувьцаа эзэмшдэг компани дээрээ ажилладаг мөртлөө боолчлолын хөдөлмөр эрхэлж, маш бага цалин хөлс авч байна. Үүнийг зогсоохыг шаардаж байна” гэлээ.