Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон парламентийн сонгуулийн үеэр шинээр байгуулагдсан зүүний хүчний холбоо ихээхэн ялалт байгуулж, хэт барууны үзэлтнүүд түүхэн дээд амжилт тогтоосноор Үндэсний ассемблей дахь хяналтаа алджээ.
Даваа гарагийн үүрээр зарласан парламентийн сонгуулийн урьдчилсан үр дүн Францын улс төрийг эмх замбараагүй байдалд оруулж, Ерөнхийлөгч Макрон бусад намтай эвсэх хэлэлцээр хийж чадахгүй бол хууль тогтоох байгууллага “саажилттай” болох магадлалыг нэмэгдүүллээ.
Ерөнхийлөгч Макроны тэргүүлдэг эвсэл хамгийн олон суудал авсан ч олонх болж чадахгүй болов. Францын Парламентад дангаараа шийдвэр гаргах эрх мэдэл олж авахын тулд дор хаяж 289 суудал авах хэрэгтэй бол Макроны тэргүүлдэг эвсэл 252 орчим суудал авах төлөвтэй байна. Жан Люк Меланшоны тэргүүлдэг “Эдийн засаг, нийгмийн шинэ холбоо” хоёрдугаарт, Марин Ле Пены “Үндэсний нэгдэл” гуравдугаарт оржээ.
Ерөнхийлөгч Макрон Оросын Украин дахь түрэмгийллийг зогсооход чухал үүрэг гүйцэтгэхийг эрмэлзэж, Европын холбооны гол төрийн зүтгэлтэн болохын тулд дотоодын асуудалдаа сатаарах эрсдэлтэй гэж шинжээчид дүгнэжээ.
Ерөнхий сайд Элизабет Борне телевизээр хийсэн мэдэгдэлдээ "Бидэнд тулгараад байгаа сорилтуудыг харгалзан үзвэл энэхүү нөхцөл байдал нь манай улсын хувьд эрсдэл болж байна" гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Aljazeera