Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Хүнсний хангамж, аюулгүй байдал – Хүнс үйлдвэрлэл" үндэсний зөвлөгөөнд оролцож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Эх орноо эрүүл хүнсээр хангах, цаашлаад хүнс экспортлогч орон болох их үйлсэд оюун ухаан, эрдэм чадал, хөдөлмөр зүтгэлээ дайчлан ажиллаж буй эх орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт хүнс үйлдвэрлэгчид Та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Монгол төрийн бодлогын цөмд монгол хүн, монгол өрх байсаар ирсэн, цаашид ч байх учиртай. Хүнс эрүүл байвал хүн эрүүл байна. Монгол хүн эрүүл байвал монгол үндэстэн хүчирхэг байна.
Тиймээс Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжийн гол асуудал нь хүн ардаа эрүүл, шим тэжээлтэй, стандартад нийцсэн хүнсний бүтээгдэхүүнээр тогтвортой, хүртээмжтэй хангах явдал юм. Улс орныхоо нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод” шилжих суурь реформын хүрээнд “100 жил-10 зорилт” хөгжлийн санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүн дэвшүүлсэн. Энэхүү санаачилгын нэг зорилт нь “Хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлж, бүс нутагтаа органик хүнс экспортлогч улс болох” юм.
Эх орноо дэмжье, үйлдвэрлэгчдээ дэмжье, улс орноо хөгжүүлье гэвэл бид дотооддоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг авдаг байх ёстой. Ингэж чадвал бид баялаг бүтээгчдээ бодитоор дэмжиж байгаагийн илэрхийлэл гэж бодож байна. Өрх бүлээрээ хүнс үйлдвэрлэгч, улс орноороо хүнс экспортлогч болох зорилгод төр, засаг, ард түмнээрээ нэгдэж, нэгэн сэтгэлээр хамтран зүтгэцгээе. Эх орондоо “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” хийцгээе. Мөнх хөх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай!” гэлээ.